Омар Хегази гэх 31 настай Египет эр нэг амьсгаагаар хамгийн хол зайг сэлж туулах мөн хөлдөө сэрвээ зүүгээд нэг амьсгаагаар хамгийн хол зайг сэлж туулах гэх хоёр төрлийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр 2015 онд зам тээврийн осолд орж түүний хөл дээгүүр ачааны машин гарснаар нэг хөл нь ямар ч мэдээгүй болсон. Улмаар эмнэлэгт хэд хоногийг өнгөрүүлсний дараа Омар Хегази хөлөө тайруулахаар шийдэж байжээ. Харин уг ослоос өмнө Омар Хегази усанд ховорхон сэлдэг нэгэн байсан боловч нэг хөлөө алдсаныхаа дараа өөрийн уур бухимдлаа гаргахын тулд өдөр болгон усанд сэлж тайвширдаг болсон гэнэ. Ийнхүү цаг мөч өнгөрөх тусам түүний усанд сэлэх чадвар маш хурдан сайжирч одоогийн өндөрлөгт хүрээд байна.
Тэрбээр нэг амьсгаагаар 56.48 метр зайд амжилттай сэлсэн ба хөлдөө сэрвээ зүүгээд нэг амьсгаагаар 76.7 метр зайг сэлж туулсан юм байна. Эдгээр зайнууд нь хоёул дэлхийн шинэ дээд амжилт болж Генисийн номд бүртгэгдэж байгаа юм. Уг амжилтуудыг үзүүлснийхээ дараа Омар Хегази: “Нэг хөлөө алдсанаас хойш надад дахиж алдах юу ч байхгүй мэт санагдаж байсан. Тиймээс би маш зоригтой болсон. Мөн тухайн үед би маш их уур бухимдалтай байсан тул үргэлж усанд сэлдэг байлаа. Усанд сэлснээр уур бухимдлаа усанд гаргаж тайвширч, эрх чөлөөтэй гэдгээ мэдэрдэг байсан.” гэж хэлжээ. Түүний хувьд 2017 онд Акабагийн буланд нийт 700 километрийн зайг амжилттай сэлж дуусгаж байсан ба одоогийн байдлаар усанд сэлэхээс гадна бусдад (ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст) урам зориг өгөх илтгэгчийн хувиар ажилладаг.
Эх сурвалж: CNN