Антальяагийн Их дуулгын эхний өдрийн барилдаанууд өчигдөр боллоо. Нээлтийн өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын жингийн барилдаанууд болов.
Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд өрсөлдсөн Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар финалд үлдэж, аваргын төлөө барилдсан бөгөөд Г.Наранцэцэг туршлага заан ялалт байгуулсан юм. Өдгөө 27 настай түүний Их дуулгад түрүүлж буй анхны тохиолдол нь энэ. Б.Баасанхүүгийн хувьд тав дахь Их дуулгадаа зодоглож, гурав дахь медалиа хүртэв. Тэрбээр Парисын Их дуулгаас мөнгө, Тел Авивын Их дуулгаас хүрэл, Антальяагийн Их дуулгаас мөнгөн медаль дараалан хүртээд байна.