“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны сугалаа өнөөдөр 00:00 цагаас (манай орны цагаар) Катар улсын нийслэл Доха хотод болно. Тэгвэл та бүхэнд дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын дөрвөн жилд нэг удаа зохиогддог ДАШТ-ий сугалааны өмнө мэдэхэд илүүдэхгүй зүйлсийг хүргэж байна.
ЭРХЭЭ АВСАН БАГУУД
Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн анхны эрхийг Катар улс 2010 онд авсан. Тэд уг тэмцээнийг зохион байгуулагч орны хувиар шууд оролцож ба энэ нь тус улсын шигшээ багийн хувьд анхны ДАШТ байх юм. Харин Европын шатнаас тус тусынхаа хэсгийг тэргүүлсэн арван улс болох дөрвөн удаагийн дэлхийн аварга Герман, хоёр удаагийн дэлхийн аварга (2018 оны аваргууд) Франц, нэг удаагийн дэлхийн аварга Англи, Испани болон Серби, Швейцар, Бельги, Хорват, Нидерланд, Данийн шигшээ багууд ДАШТ-ий эрхээ шууд авсан. Харин тус бүсээс нэмэлт тоглолт хийж Польш болон Португалийн шигшээ багууд Катар улсыг зорихоор болсон.
Өмнөд Америкийн багууд хоорондоо тойргоор тоглож хамгийн өндөр оноотой дөрвөн баг нь ДАШТ-д шууд оролцох эрхээ авсан. Улмаар дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ баг уг бүсийг тэргүүлсэн ба тэдний мөнхийн өрсөлдөгчид болох Аргентин, Уругвай болон Эквадорын шигшээ багууд ДАШТ-д оролцох эрхээ авсан. Харин Африк тивээс нийт таван баг шалгарах ёстой байсан бөгөөд тус тусынхаа хэсгийг тэргүүлсэн 10 баг хоорондоо сугалаагаар таарч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ДАШТ-д оролцох таван багийг тодруулсан. Улмаар Марокко, Гана, Тунис, Камерун, Сенегалын шигшээ багууд арван нэгдүгээр сард Катар улсыг зорих болсон. Ази тивийн багуудын хувьд таамгийн дагуу Япон, Өмнөд Солонгос, Иран, Саудын Араб гэх багууд ДАШТ-ий эрхээ авч тус бүсэд ямар нэгэн гэнэтийн зүйлс тохиолдоогүй. Харин Хойд Америк тивийн багууд Өмнөд Америкийн багуудын адилаар хоорондоо тойргоор тоглож хамгийн их оноотой гурван баг нь ДАШТ-д оролцох болсон. Улмаар Канад, АНУ, Мексикийн шигшээ багууд ДАШТ-ий эрхээ баталгаажуулсан ба 2026 оны ДАШТ-ийг зохион байгуулах Канад улс 36 жилийн дараа уг тэмцээнд оролцохоор болсон.
ЦААШИД ЭРХЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БАГУУД
Сая бид 29 шигшээ багийг нэрлэлээ. Харин ДАШТ-д нийт 32 баг оролцдог. Тэгэхээр дахин гурван баг ДАШТ-ий эрхээ одоо хүртэл авах боломжтой байгаа гэсэн үг юм. Өмнөд Америкийн бүсийн тавдугаар байранд шалгарсан Перугийн шигшээ баг Ази тивийн Арабын Нэгдсэн Эмират болон Австралийн шигшээ багуудын ялалт байгуулсантай нь тоглох бол нөгөө талд Хойд Америкийн бүсийн дөрөвдүгээр байранд бичигдсэн Коста Рикагийн шигшээ баг далайн орнуудын бүсээс шалгарсан Шинэ Зеландын шигшээ багтай тоглоно. Харин сүүлийн эрхийн төлөө Уэльсийн шигшээ баг Шотланд болон Украины шигшээ багуудын ялалт байгуулсан багтай тоглох бөгөөд Шотланд-Украины тоглолт дайны улмаас түр хойшлогдоод байгаа.
ДАШТ-ИЙГ ӨНЖИЖ БУЙ ТОМ БАГУУД
Хөлбөмбөгийн спорт дэлхий даяар маш өндөр түвшинд хөгжсөн одоо үед бүх шилдэг багууд ДАШТ-д оролцох боломжгүй. Уг хуулийн дагуу “Евро 2020” тэмцээний аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг хэсгийн шатандаа хоёрдугаар байр эзэлж улмаар нэмэлт тоглолтод Умард Македоны шигшээ багийн эсрэг ялагдал хүлээснээр энэ удаагийн ДАШТ-ийг өнжихөөр болсон. Мөн тэднээс гадна Өмнөд Америкийн бүсээс Колумб болон Чили, Африк тивээс Египет, Нигери болон Алжир, Европ тивээс Швед болон залуу од Эрлинг Хааландын Норвегийн шигшээ багууд Катар 2022 тэмцээнийг өнжихөөр болсон.
ШИГШЭЭ БАГУУДЫН САГСАНД ХУВААРИЛАГДСАН БАЙДАЛ
Тэмцээний сугалааг тэнцвэртэй байлгаж ДАШТ-ийг улам сонирхолтой болгохын тулд шигшээ багууд дөрвөн өөр сагсанд хуваарилагдсан бөгөөд нэг сагсанд бичигдсэн багууд нэг хэсэгт орохгүй гэсэн үг юм.
Нэгдүгээр сагсанд зохион байгуулагч орон болон хамгийн өндөр чансаатай долоон баг багтсан:
- Катар
- Бельги
- Бразил
- Франц
- Аргентин
- Англи
- Испани
- Португали
Хоёрдугаар сагсанд:
- Дани
- Нидерланд
- Герман
- Мексик
- АНУ
- Швейцар
- Хорват
- Уругвай
Гуравдугаар сагсанд:
- Сенегал
- Иран
- Япон
- Марокко
- Серби
- Польш
- Өмнөд Солонгос
- Тунис
Дөрөвдүгээр сагсанд:
- Саудын Араб
- Эквадор
- Гана
- Камерун
- Канад
- Коста Рика/Шинэ Зеланд
- Перу/Арабын Нэгдсэн Эмират/Австрали
- Уэльс/Украин/Шотланд гэж тус тус хуваарилагджээ.
Тэмцээний хэсгийн тоглолтууд арван нэгдүгээр сарын 21-нд, хасагдах шатны тоглолтууд арван хоёрдугаар сарын 2-нд эхлэх ба финалын тоглолт арван хоёрдугаар сарын 18-нд зохиогдоно.
П.Тамир