“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Африк тивийн төлөөлөл болсон таван багийн нэрс тодорлоо. Африкийн сонгон шалгаруулалтын хувьд тус тусынхаа хэсгийг тэргүүлсэн арван багийг хооронд нь сугалаагаар тааруулж хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялсан багуудад нь ДАШТ-д оролцох эрхийг шууд өгсөн. Сугалааны дагуу Египет-Сенегал (Африкийн цомын энэ жилийн финал), Камерун-Алжир, Гана-Нигери, Бүгд Найрамдах Ардчилсан Конго-Марокко, Мали-Тунис гэж таарсан.
Египет-Сенегалын шигшээ багуудын эхний тоглолт 1:0 харьцаатайгаар Египетийн тэргүүлэл дор өндөрлөсөн хэдий ч хариу тоглолтод Сенегалчууд 1:0 харьцаатайгаар ялалт байгуулсан. Улмаар нэмэлт цагт дахин гоол ороогүй тул хоёр багийн тоглогчид торгуулийн цохилт цохисноор Садио Мане тэргүүтэй Сенегалын шигшээ баг ДАШТ-д оролцох болж Мохамед Салах Египетийн шигшээ багийнхаа хамт ДАШТ-ийг гэрээсээ үзэхээр болсон. Тус хоёр баг хоёр сарын өмнө Африкийн цомын финалд хоорондоо учраа тааран тоглож мөн л торгуулийн цохилтоор Сенегалын шигшээ баг ялалт байгуулсан.
Камерун-Алжирын шигшээ багуудын эхний тоглолт 1:0 харьцаатай Алжирын тэргүүллээр өндөрлөсөн. Хариу тоглолт ч мөн тэнцүүхэн өрнөж Камеруны шигшээ баг үндсэн цагт 1:0 харьцаатай ялалт байгуулан цаг сунгаж нэмэлт цагт хоёр баг хоёул гоол оруулснаар тоглолт 2:1 харьцаатай өндөрлөсөн. Гэвч айлын талбайд олон гоол оруулсан тул Камеруны шигшээ баг ДАШТ-д оролцох эрхийн эзэд болсон.
Мөн уг тоглолтод Камеруны шигшээ багийн оруулсан хоёр дахь гоол тоглолтын эцсийн минутад орсон гэдгийг онцлох нь зүйтэй. Харин бусад тоглолтуудаас Гана, Марокко, Тунис гэх зэрэг Африк тивийн хүчтэй багууд өрсөлдөгчдөө буулган авч Катар улсыг зорихоор болсон. Бусад бүсийн багууд өөр тивийн багуудтай нэмэлт тоглолт хийх боломжтой байдаг бол Африкийн багуудад тийм боломж байхгүй.
П.Тамир