Дэлхийн даяар хамгийн алдартай спорт болох хөлбөмбөгийн ДАШТ дөрвөн жилд нэг удаа зохиогдож цэнхэр гарагийнхаа хамгийн шилдэг шигшээ багийг тодруулдаг. Тэгвэл энэ оны арван нэгдүгээр сард Катар улсад хөлбөмбөгийн ДАШТ үүд хаалгаа нээхээр зэхэж буй энэ цагт ДАШТ-д оролцох 32 багийн нэрс тодорсоор байна.
Өчигдөр орой Европын бүсийн сүүлчийн гурван эрхийн төлөөх тоглолтууд Португали-Умард Македон болон Польш-Шведийн шигшээ багуудын хооронд өрнөлөө. Уг тоглолтуудад Португалийн шигшээ баг Манчестер Юнайтед клубийн хагас хамгаалагч Бруно Фернандешийн оруулсан 2 гоолын ачаар Умар Македоныг буулган авсан бол нөгөө талд Польшийн шигшээ баг мөн 2:0 харьцаатайгаар Шведийн шигшээ багийг ялж тус тус Катар улсыг зорих эрхээ баталгаажуулсан. Ингэснээр бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг болох Кристиано Роналдо өөрийнхөө тав дахь бөгөөд хамгийн сүүлийн (өндөр магадлалтай) ДАШТ-дээ оролцохоор болж байна. Түүний шагналын цуглуулгад одоо зөвхөн ДАШТ-ий алтан цом л дутуу байгаа.
Үүнээс гадна түүний бүх цаг үеийн өрсөлдөгч болох Лионель Месси Аргентины шигшээ багийнхаа хамт тав дахь удаагаа (магадгүй сүүлийнх) ДАШТ-д оролцохоор болсон ба тэр ч гэсэн уг тэмцээнд түрүүлж үзээгүй. Мөн Месси, Роналдо гэх хоёр том нэрсийн хажууд бид Польшийн шигшээ багтайгаа дахин нэг удаа ДАШТ-д оролцохоор болсон Роберт Левандовскиг мартаж үл болно. Харин Орос-Украины нөхцөл байдлаас болж Украин-Шотландын тоглолт хойшлогдсон тул Европ тивээс ДАШТ-д оролцох бүх багийн нэрс хараахан тодроогүй. Украин-Шотландын шигшээ багуудын ялалт байгуулсан нь дараагийн шатанд Уэльсийн шигшээ багийн эсрэг тоглоно.
П.Тамир