“Тэмүүжин” спортын ордонд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик төрлийн шахалт, суулт, таталтын насанд хүрэгчид, өсвөр үе, залуучууд, ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болов. Энэ тэмцээнд 400 орчим тамирчин өрсөлдсөн бөгөөд өчигдөр насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангиллын гурван жинд шинэ дээд амжилт гарлаа. Тухайлбал, 83 кг-ын жинд Б.Дүвжид таталтын төрөлд 280 кг-ыг татсанаар улсын дээд амжилт тогтоов. Тэр энэ өдөр дээд амжилтыг хоёр (273, 280 кг) удаа шинэчилсэн юм. Харин +120 кг-ын жинд З.Ирээдүй суултын төрөлд 331 кг-ыг өргөснөөр жингийнхээ дээд амжилтын эзэн болжээ. Мөн энэ жинд Б.Хадбаатар таталтын төрөлд 340 кг-ыг татсанаар Монгол Улсын бүх жингийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
П.Тамир