Франц улсын Монпелье хотод уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэхүү цаг мөчид зохиогдож байгаа билээ. Тэгвэл уран гулгалтын спортын хамгийн их үзэгчдийг өөртөө татдаг төрлүүд болох эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан тэмцээнүүдийн богино үзүүлбэрүүд явагдан өндөрлөж эхний ээлжийн тэргүүлэгчдийн нэрс тодорлоо.
Богино үзүүлбэрийн дараа эрэгтэйчүүдийн ангилалд Япон улсын гурван тамирчин эхний байруудыг олимпын мөнгө, хүрэл медальт Шома Уно (109.63 оноо), олимпын мөнгөн медальт Юма Кагияма (105.69), дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Казуки Томоно (101.12) гэх дараалалтай эзэмшиж байна.
Энэ удаагийн ДАШТ-д Бээжин 2022 олимпын наадмын аварга Натен Чэн оролцоогүй юм. Харин эмэгтэйчүүдийн ангиллыг богино үзүүлбэрийн дараа олимпын хүрэл медальт Японы тамирчин Каори Сакамото (80.32 оноо) тэргүүлж байгаа бол Бельгийн тамирчин Луна Хендрикс (75.0 оноо) удаалж байна. Харин чөлөөт гулгалтын төрөл ирэх өдрүүдэд явагдаж нийлбэр дүнгээр энэ оны дэлхийн аваргууд тодорно. Мөн Орос-Украины нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ болон Беларусь улсын тамирчид энэ удаагийн ДАШТ-д оролцох боломжгүй болсон нь уг тэмцээний нэр хүндийг бага зэргээр унагаад байгаа билээ.
П.Тамир