“Катар 2022” буюу XXII дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-д Ази тивийг төлөөлөн урьдчилсан шатнаас шууд оролцох багуудын нэрс бүрэн тодорлоо. Манай тивийн шилдэг 12 баг хоёр хэсэгт хуваагдан тус бүр өөрсдийн хэсгийн багуудтайгаа 2 тойрог буюу 10 тоглолтыг хийж хэсэг бүрийн хамгийн их оноотой хоёр баг ДАШТ-д оролцох эрхийг авах журамтай байсан.
А хэсгээс Өмнөд Солонгос болон Ираны шигшээ багууд шалгарах нь аль хэдийнээ тодорхой болоод байсан бол өрсөлдөөн ихтэй байсан B хэсгийн хувь заяа өчигдөр шийдэгдлээ. Уг хэсэгт Австрали, Япон, Саудын Араб гэх гурван шигшээ багуудын хооронд хүчтэй өрсөлдөөн өрнөсөн бөгөөд өчигдөр Японы шигшээ баг Австралийн шигшээ багийг 2:0 харьцаатай буулган авч нөгөө талд Саудын Арабын шигшээ баг Хятадын шигшээ багтай 1:1 харьцаатай тэнцсэн.
Улмаар хэсгийн шат өндөрлөхөд нэг л тоглолт үлдээд байгаа тул 21 оноотой Япон болон 20 оноотой Саудын Арабын шигшээ багууд ДАШТ-ий эрхээ өвөртөлж байгаа бол 15 оноотой Австралийн шигшээ багийн хувьд ДАШТ-д оролцохын тулд нөгөө хэсгийн гуравдугаар байр эзэлсэн багтай тоглож ялалт байгуулбал өөр бүсийн нэг багийн эсрэг дахин тоглож хожил байгуулах шаардлагатай болж байгаа юм. Харин А хэсгийн гуравдугаар байрны төлөө Арабын Нэгдсэн Эмират, Ирак болон Ливан улсын шигшээ багууд өрсөлдсөөр байна.
П.Тамир