Дэлхийн хамгийн олон үзэгчтэй спорт болох хөлбөмбөгийн ДАШТ Катар улсад энэ оны арваннэгдүгээр сарын 21-нд үүд хаалгаа нээж сар гаруй хугацааны турш үргэлжлэх билээ. Тэгвэл уг тэмцээнд оролцох тив тивийнхээ төлөөлөл болсон 32 багийн нэрс тодорсоор байна.
Гэхдээ хөлбөмбөг дэлхий даяар өндөр түвшинд жигд хөгжсөн одоо үед бүх шилдэг шигшээ багуудыг хамтад нь ДАШТ-д оруулах боломжгүй. Үүний дагуу Евро 2020 тэмцээний аварга Италийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-ийг өнжихөөр болж байна. Тэд хэсгийн шатанд Швейцарын шигшээ багийн ард хоёрдугаар байранд эзэлснээр ДАШТ-д оролцохын тулд бусад хэсгүүдийн хоёрдугаар байранд шалгарсан багуудтай нэмэлт тоглолт хийх шаардлагатай болсон.
Улмаар тэд урьдчилсан шатны эхний тоглолтоо өнөөдөр өглөө буюу 02:45-аас Хойд Македооны шигшээ багийн эсрэг хийсэн хэдийч 90+2 минутад Хойд Македоны шигшээ багийн зүүн жигүүрийн хагас хамгаалагч Александр Трайковский тоглолтын цор ганц гоолыг хийснээр ДАШТ-ий дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг Катар 2022 тэмцээнд оролцох боломжгүй болсон.
Тэд мөн 2018 оны ОХУ-д зохиогдсон ДАШТ-д оролцох эрхээ авч чадаагүй бөгөөд 2014 болон 2010 оны ДАШТ-үүдийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн. Ийнхүү Италийн шигшээ багийн хараагдсан гэгддэг ДАШТ-ий бүтэлгүй цуврал үргэлжилсээр байна. Харин уг тоглолтод хожил байгуулсан Хойд Македоны шигшээ баг ДАШТ-ий эрхийн төлөөх сүүлийн тоглолтоо Португалийн шигшээ багийн эсрэг гуравдугаар сарын 30-нд нүүр тулна.
П.Тамир