Английн Премьер лигт Эвертон (98) болон Манчестер Юнайтед (393) клубуудын төлөө нийт 491 тоглолтод оролцож 208 гоолыг оруулсан Англи довтлогч Уэйн Руни ба Арсенал (279) болон Манчестер Сити (28) клубуудын төлөө нийт 307 тоглолтод оролцсон Франц хагас хамгаалагч Патрик Виейра нар Премьер лигийн алдрын танхимын гишүүдээр нэрлэгдлээ.
Уэйн Рунигийн хувьд Премьер лигт таван удаа түрүүлсэн бөгөөд тус лигийнхээ бүх цаг үеийн хоёр дахь мэргэн бууч юм. Харин Патрик Виейра нь Арсенал клубийн хамт Премьер лигт гурван удаа түрүүлсэн. Мөн тэрбээр 2003/04 оны улиралд Премьер лигт нэг ч ялагдалгүйгээр түрүүлсэн Арсенал клубын багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж байсан нэгэн.
Премьер лигийн алдрын танхимд Стивен Жеррард, Эрик Кантона, Алан Ширер, Тьерри Анри, Дэвид Бекхэм, Фрэнк Лэмпард, Деннис Бергкамп, Рой Кин нарын найман эрхэм урьд өмнө нь нэрлэгдээд байсан бөгөөд Уэйн Руни, Патрик Виейра нар уг жагсаалтын ес болон арав дахь гишүүд болж байгаа юм. Уэйн Рунигийн хувьд Английн Чэмпионшип лигийн Дерби Каунти клубийг дасгалжуулж байгаа бол Патрик Виейра Премьер лигийн Кристал Палас клубийн ахлах дасгалжуулагчийн хувиар ажиллаж байгаа билээ.
Эх сурвалж: Sky Sports