Гранд Слам тэмцээнүүдийн таван удаагийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Австрали теннисчин Эшли Барти 25 насандаа зодог тайлж буйгаа өөрийн цахим хаягаараа дамжуулан өнөөдөр зарлаж спортын ертөнцийг тэр чигээр нь гайхшрууллаа.
Тэрбээр уг мэдэгдэл дээрээ, “Теннисийн спортоос зодог тайлж байгаа гэдгээ зарлаж буй миний хувьд өнөөдөр сэтгэл хөдлөлөөр дүүрэн хэцүү өдөр байна. Энэхүү спортын надад өгсөн бүх зүйлд би талархаж явдаг. Мөн миний тамирчны замналын явцад намайг дэмжиж байсан үнэнч хөгжөөн дэмжигч нартаа талархал илэрхийлье. Хамтдаа бүтээсэн гайхалтай дурсамжуудаа миний бие үргэлж санан дурсах болно. Зодог тайлах шийдвэрийн тухай би удаан хугацааны турш бодсон. Өнгөрсөн жил Уимблдонд түрүүлснээр би үргэлж хүсэн мөрөөдөж байсан цомынхоо эзэн болсон. Дараа нь би эх орондоо Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн. Энэхүү ялалтууд нь миний теннисийн замнал ямар гайхалтай байсныг илтгэх төгс баталгаанууд болж үлдэнэ. Харин одоо Эшли Барти гэдэг хүний хувьд өөр хүсэл мөрөөдлүүдийнхээ төлөө зүтгэх цаг ирсэн байна” гэж хэлжээ.
Улмаар Эмэгтэйчүүдийн теннисийн холбоо түүний зодог тайлж буйг албан ёсоор баталсан бөгөөд 2010-2014 болон 2017-2022 оны хооронд мэргэжлийн тамирчны хувиар уг холбооны нэг хэсэг байж тухайн цаг үедээ дэлхийн хамгийн шилдэг эмэгтэй теннисчин байсан Эшли Бартид хүндэтгэл үзүүлсэн байна.
Эх сурвалж: BBC