Бээжин 2022 өвлийн олимпын хамгийн том шуугиануудын нэгийг тарьсан үйл явдлын эзэн бол яах аргагүй ОХУ-ын 15 настай уран гулгагч Камила Валиева. Тэрбээр тэмцээний эхний өдрүүдэд уран гулгалтын багийн төрөлд оролцож ОХУ-ын шигшээ багийнхаа хамтаар алтан медалийн эзэн болсон ч түүний допингийн шинжилгээнээс хориотой төрлийн бодис илэрсэн. Гэвч Олимпын Хороо түүний нас болон шинжилгээний хариу ирсэн цаг хугацааг харгалзан онцгой нөхцөл байдал гэж үзсэнээр түүнийг уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцохыг нь зөвшөөрсөн. Улмаар богино үзүүлбэрийн дараа Камила Валиева тэмцээнийг тэргүүлж байсан хэдий ч чөлөөт гулгалтын үеэр олон удаа алдаа гаргаж бага оноо авсныхаа хариуд нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байранд жагсаж олимпын ганцаарчилсан төрлөөс медаль хүртэж чадаагүй.
Тэгвэл тэрбээр олимпоос хойш анх удаа тэмцээнд оролцохоор ОХУ-ын Саранск хотод зохион байгуулагдах Нэгдүгээр сувгийн цом гэх тэмцээнд нэрээ өгөөд байна. Энэ долоо хоногийн лхагва гарагаас ням гараг хүртэл Франц улсын Монпелье хотод зохион байгуулагдах уран гулгалтын ДАШТ-д Орос-Украины дайнаас болж ОХУ болон Беларусь улсын баг тамирчид оролцох боломжгүй болсон. Тийм учраас ОХУ дотооддоо Нэгдүгээр сувгийн цом гэх тэмцээнийг зохиож байгаа аж.
Эх сурвалж: BBC