Энэ жил 29 нас хүрэх Аргентин довтлогч Пауло Дибалагийн Италийн Ювентус клубтэй хийсэн гэрээний хугацаа энэ зун дуусна. Тэгвэл уг гэрээг сунгах тал дээр түүний агент болон Ювентус клубын удирдлагууд өнгөрсөн даваа гарагт хоёр цаг гаруй хэлэлцсэн хэдий ч үндсэн шийдэлд хүрч чадаагүй гэнэ.
Ингэснээр Пауло Дибала энэ зун Ювентус клубыг чөлөөт агентын хувиар орхихоор болж байна. Түүний хувьд Ювентус клубын төлөө 2015 оноос хойш долоон улирал хүчин зүтгэхдээ 202 тоглолтод 80 гоол оруулж Сери А лигт таван удаа түрүүлсэн. Пауло Дибала 2019 оны зун буйр сэлгэж Премьер лигийн Тоттенхэм клубтэй нэгдэхэд бэлэн болоод байсан хэдий ч Ювентус клуб түүнийг орлох тоглогчийг олж чадаагүй тул уг наймаа зогсож байжээ. Тэрбээр энэ улирлын эхний хэсгийг гэмтлийн улмаас өнжсөн бөгөөд одоогийн байдлаар 29 тоглолтод оролцож 13 гоол оруулаад байна. Харин Ювентус клубын хувьд Аваргуудын лигээс хасагдсан ба Сери А лигт дөрөвдүгээр байранд бичигдэж байгаа.
Эх сурвалж: Sky Sports