Хөнгөн атлетикийн танхимын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотод энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохиогдож дэлхийн өнцөг булан бүрээс шилдгүүд чууллаа.
Тэгвэл эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын төрөлд Токио 2020 олимпын хүрэл медальт Украины 20 настай тамирчин Ярослава Магучих түрүүлсэн нь тэмцээний онцлох үйл явдлуудын нэг байлаа. Тэрбээр 2.02 метрийн өндөр дээгүүр амжилттай харайж алтан медалийн эзэн боллоо.
Тэрбээр, “ОХУ-ын зэвсэгт халдлага эхэлснээс хойш би эх орноо орхих хэрэгтэй болсон. Нийт гурван өдрийн турш машинаар явсны эцэст би Серби улсад хүрсэн. Гэхдээ өнөөдөр тэмцээндээ оролцож өндөр харайна гэдэг сэтгэл зүйн хувьд маш хүнд байлаа. Учир нь миний зүрх сэтгэл Украин улсад хүн бүрийн адилаар үлдсэн” гэж хэлжээ.
Уг төрлийн мөнгөн медалийг Австралийн Элеонор Паттерсон хүртсэн бөгөөд тэрбээр өөрийн өрсөлдөгч болон Украин улсыг хүндэлж өөрийн хумсаа цэнхэр, шар өнгөөр будуулсан байв. Харин Орос болон Беларусийн тамирчдыг Украин улсад өрнөж буй дайнтай холбогдуулан танхимын ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэр гарсан тул Токио 2020 олимпд түрүүлсэн ОХУ-ын тамирчин Мария Ласицкене уг тэмцээнд оролцож чадаагүй.
Эх сурвалж: CNN