Английн Премьер лигийн Манчестер Юнайтед клубын ахлагч Харри Магуайрыг түүнтэй 2014-17 оны хооронд Халл клубд хамт хүчин зүтгэж байсан Египет хамгаалагч Ахмедь аль-Мухаммади “BeIN Sports”-д өгсөн ярилцлагынхаа үеэр шүүмжилжээ. Тэрбээр: “Халл Сити клубд миний бие Харри Магуайрын хамт гурван улирал тоглосон. Миний бодлоор тэр Манчестер Юнайтедийн ахлагч байх түвшний тоглогч биш. Манчестер Юнайтедад сэтгэл зүйл маш сайтай тоглогчдид хэрэгтэй.
Тэдний дараагийн дасгалжуулагч багийн ахлагчийн туузыг Харри Магуайраас хураан авч Кристиано Роналдод шилжүүлэн өгөөсэй гэж би хүсэж байна. Хэрэв Роналдо тэнд үлдвэл шүү дээ. Ахлагчийн туузыг Харри Магуайр зүүснээр хөгжөөн дэмжигчид болон багийн гишүүдээс түүнд ирэх дарамт улам бүр нэмэгдэж байгаа нь мэдээж. Харри Магуайр мэтийн тоглогчид тэр их дарамтыг дийлэхгүй. Тэрбээр Лестер Ситид байх үедээ маш сайн байсан. Хүн өөрийнхөө түвшний багт тоглох үедээ л оргил амжилтаа гаргадаг шүү дээ. Харри Магуайр бол Английн бүх цаг үеийн хамгийн том клубд тоглох эрхтэй тоглогч биш.” гэжээ. Ахмедь аль-Мухаммади нь өмнөх улиралд Астон Уилла клубын төлөө хүчин зүтгэж байсан боловч одоогоор харьяалагдсан баггүй байгаа билээ.
Англи хамгаалагч Харри Магуайрыг Манчестер Юнайтед клуб 80 сая фунт стерлингээр Лестер Сити клубээс худалдан авсан үйл явдал нь түүнийг хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй хамгаалагч болгосон. Сүүлийн үед тэрбээр маш муу тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд багийн ерөнхий дасгалжуулагч түүнийг багийн ахлагч хэвээр байлгасаар байгаа нь багийн гишүүдийн дотоод уур амьсгалыг эвдэж байгаа гэж хэд хэдэн эх сурвалжууд мэдээлсэн. Мөн муу формтой байгаа Харри Магуайрыг гараанд гаргаж тоглуулсаар байгаа нь форм сайн байгаа хэдий ч сэлгээнд сууж буй Эрик Байигийн формыг алдагдуулж буй маш шударга бус үйлдэл хэмээх нийтлэл хэд хоногийн өмнөх Манчестерийн оройн мэдээнд багтсан.
П.Тамир