Монгол-Кувейтын байгаль хамгаалах төвд “Хаврын бүргэдийн баяр-2022” болж байна. Тус өдөрлөгт Баян-Өлгий аймаг, Төв аймгийн арав гаруй бүргэдчин зорин иржээ. Энэ жилийн “Хаврын бүргэдийн баяр”-ыг УИХ-ын гишүүн Т.Аубикер, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл болон Монголын бүргэдчидийн холбоо, Аялал жуулчлалын хөгжлийн төв, нийслэлийн Аялал жуулчлалын газар зохион байгуулж байна. Тус баярын үеэр гар эдлэлийн худалдаа, бүргэдийн ан, урлаг соёлын арга хэмжээ, уламжлалт спортын наадмууд болж буй. Түүнчлэн хамгийн сайхан үндэсний хувцас, эмээл, морь шалгаруулах зэрэг олон төрлийн арга хэмжээгээр үргэлжлэхээр төлөвлөжээ.
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга баярын нээлтэд үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бид юуны өмнө жилийн дөрвөн улиралд жуулчдыг хүлээн авдаг болох юм. Үүний тулд улирлын хамаарлыг бууруулах аялал жуулчлалын нэгдсэн цогц бодлогыг боловсруулж, зорилго, зорилтоо тавин үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол манай орон юм.Баян-Өлгий аймагт анх “Бүргэдийн баяр”-ыг 1999 оноос Бугат суманд тэмдэглэж эхэлсэн бөгөөд цаашид дэлхий дахинд сурталчилж, жуулчдын урсгалыг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор хоёр дахь Бүргэдийн баярыг 2010 оноос эхэлж жил бүрийн гуравдугаар сард Улаанбаатар хотод “Хаврын Бүргэдийн баяр” нэртэйгээр зохион байгуулдаг болсон юм.
Бүргэдийн баярын гол зорилго нь казах үндэстэнүүдийн уламжлалт соёлын хэлбэр болох ан авдаа цармын бүргэдийг ашигладаг зан заншлыг сэргээж, хойч үедээ өвлүүлэн үлдээж, түүнийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож дотоод гадаадын жуулчдад сурталчлахад чиглэгдсэн байдаг.
Энэхүү ”Хаврын Бүргэдийн баяр”-ын хөтөлбөрт жуулчдыг татахуйц олон сонирхолтой арга хэмжээ байдгийн зэрэгцээ баярын арга хэмжээг угтаж иргэдэд танин мэдэхүй, байгаль орчин, экологи, аялал жуулчлалын боловсролыг олгох “Аялал жуучлал ба бүргэдийн баяр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг болсон. Учир нь эрдэм шинжилгээний бага хурлаар шувуу судлаач эрдэмтдийн судалгаа, мэдээллийг сонсож, цармын бүргэдийг хамгаалах асуудлыг хэлэлцдэг юм.
Улсын хэмжээгээр өнөөдрийн байдлаар 400 гаруй бүргэдчин байдгаас 80 хувь нь 30-70 насны хүмүүс байна. Мөн эмэгтэй бүргэдчдийн тоо ч нэмэгдэж байна. 2016 онд 19 настай охин Т.Айшолпаны тухай Холивудад АНУ-ын уран бүтээлчид баримтат кино хийж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
Манай бүргэдчид гол төлөв хүн бүр 1-7 бүргэд, зарим нь 50 хүртэл бүргэд тэжээдэг ч гэсэн мэдээлэл байна. Бүргэд ба бүргэдчин хоёрын харилцаа буюу эзнээ дуулгавартай сонсох бүргэд, түүний сүрлэг дэвэлт, ан барьж буй байдлыг үзэж сонирхох гадаад, дотоодын жуулчдын тоо жил бүр өсөн нэмэгдсээр байна.2019 онд “Хаврын бүргэдийн баяр”-т 200 гаруй, Бугат сумын “Бүргэдийн баяр”-т 1000 гаруй гадаадын жуулчин ирж байсан бол 2020 онд цар тахлын хүнд үе байсан хэдий ч Баян-Өлгий аймагт 25000 дотоодын жуулчид ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 4.2 дахин өссөн” гэв.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ