Дэлхийн хамгийн том холимог тулааны холбоонуудын нэг болох UFC-д Данаагийн Батгэрэл Монгол улсыг төлөөлөн 61 кг буюу хөнгөн жинд тулалддаг билээ. Тэрбээр мэргэжлийн түвшинд нийт 12 тулаан хийснээс 10 удаа ялж хоёр удаа ялагдал хүлээсэн.
Харин UFC-д дөрвөн удаа тулалдаж 3-1 гэх амжилттай байгаагаас гадна сүүлийн гурван тулаандаа хүнд цохилтоор ялалт байгуулсан. Түүний энэ оны эхний тулаан нь энэ гуравдугаар сарын 27-нд болох товтой байгаа бөгөөд Колум-Гватемал гаралтай Америк тулаанч Крис Гуитерезийн эсрэг тулах юм.
Хэдийгээр анх Монтел Жексонтой тулалдах ёстой байсан ч Д.Батгэрэлийн өрсөлдөгч тулалдах боломжгүй болсноор Крис Гуитерез түүнийг орлохоор болсон. Тэрбээр замналынхаа турш нийт 23 мэргэжлийн тулаан хийж 17-4-2 гэх амжилттай байгаа ба UFC-д орсон цагаасаа хойш нэг ч ялагдал амсаагүй. Крис Гуитерез нь холимог тулааны спортоор 16 наснаасаа хичээллэж хоёр жилийн дараа буюу 18 настайдаа анхны мэргэжлийн тулаанаа хийсэн.
Түүний тулааны хэв маяг нь өрсөлдөгч тамирчнаа хүн цохилтод оруулахын оронд тулааны турш бага багаар илүүрхэж явсаар ихэвчлэн шүүгчдийн саналаар ялалт байгуулдаг. Харин манай улсын тамирчны тулааны хэв маяг түүнийхээс тэс өөр. Мөн мэргэжилтнүүдийн хувьд Д.Батгэрэл ялалт байгуулах магадлал өндөртэй гэж таамаглаж байгаа юм байна.
П.Тамир