Гранд Слам тэмцээний хорин удаагийн аварга Сербийн домогт теннисчин Новак Жокович коронавирусын эсрэг дархлаа тогтоох вакцинд хамрагдаагүй гэдгийг та бүхэнд мэдэж байгаа. Олон улсын түвшинд зохиогдож буй ихэнх тэмцээнүүдийн зүгээс тамирчдад вакцин хийлгэсэн байх шаардлага тавьж байгаа тул Новак Жокович хүссэн тэмцээндээ оролцох боломжгүй болсон. Харин энэ оны эхний Мастерс цуврал тэмцээнүүд АНУ-д зохиогдохоор болсон боловч Новак Жоковичийн зүгээс өөрийн твиттер хаягаараа дамжуулан “Хэдийгээр миний нэр Майамигийн нээлттэй тэмцээн болон Индиан Уэллсийн сугалаанд бүртгэгдээд байсан ч миний бие коронавирусын вакцин хийлгээгүй тул АНУ руу нэвтрэх боломжгүй. Ийм учраас би тэмцээнүүдээс өөрийн нэрээ татаж байгаа бөгөөд энэхүү гайхалтай тэмцээнүүдэд өрсөлдөх бүх тамирчдад амжилт хүсье” гэж мэдэгджээ.
Тэрээр мөн вакцин хийлгэхгүй байгаа тухайгаа “Өөрийнхөө бие дээр шийдвэр гаргах зарчим маань бүх зүйлсээс илүү чухал. Би ирээдүйд олон том тэмцээнийг өнжиж магадгүй гэдгээ мэдэж байгаа. Тиймээс сэтгэл зүйгээ үргэлж тогтвортой байлгах бөгөөд вакцин хийлгэх бодол надад алга.” хэмээн хэлж байсан удаатай. Одоогийн байдлаар Новак Жокович дэлхийн чансааг тэргүүлэгч байр сууриа алдсан бөгөөд оны эхэнд Австралийн нээлттэй тэмцээнийг өнжсөн.
П.Тамир