Европын хамгийн шилдэг хөлбөмбөгийн клубуудын дунд зохиогддог Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн шатны тоглолтууд үргэлжилж шилдэг найман багийн нэрсийг тодруулсаар байгаа билээ.Тэгвэл энэхүү шатанд Испанийн эзэн хааны баг болох Реал Мадрид болон Францын аварга Парис сен-Жермен клубууд хоорондоо учраа таарсан.
Парис сен-Жермен клубын эгнээнд Лионель Месси, Килиан Мбаппе, Неймар, Анхел Ди Мариа гэх зэрэг шилдгүүд багтаж байгаа бөгөөд энэ улирлын аваргуудын лигт түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын нэгээр нэрлэгдэж байсан. Тэд эхний тоглолтоо өөрийн талбайдаа хийж Килиан Мбаппегийн гоолын ачаар 1:0 харьцаатайгаар Испанийн багийг ялсан. Улмаар хариу тоглолтын 39 дэх минутад Килиан Мбаппе гоол оруулснаар Реал Мадрид клубын хувьд дараагийн шатанд шалгарахын тулд гурван гоол оруулах хүнд нөхцөл байдалд орсон.
Гэвч хоёрдугаар үед нөхцөл байдал 17 минутын дотор өөрчлөгдөв. Франц довтлогч Карим Бензема 61, 76, болон 78 дахь минутад гурван гоолыг төрөлх нутгийнхаа багийн эсрэг оруулснаар Аваргуудын лигийн 12 удаагийн аварга Реал Мадрид клуб шөвгийн наймд шалгарч Парис сен-Жермен хасагдсан. Харин нөгөө талд Английн Манчестер Сити, Ливерпүүл, болон Германы Байерн Мюнхен гэх багууд шөвгийн наймд шалгараад байна.
П.Тамир