"Янзтай Дээд Лиг"-ийн хасагдах шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр лигийн комиссар Б.Ялалт хэвлэлийнх мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Арав гаруй жил маргаантай байсан хоёр холбоо нэгдэж нэгдсэн дээд лигийг хийж байна. Энэ нь Монголын сагсанбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн үйл явдал боловч нөгөө талдаа маш эмзэг зүйл болж байна. Хэрвээ зохион байгуулагчдын зүгээс ямар нэгэн алдаа гаргавал энэ эв нэгдэл буцаад өмнөх хэлбэртэй шилжих магадлал байгаа учир, тус үйл явдал дээр анхаарч ажиллаж байна. Хэвлэлийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид иргэн Б.Ялалтын хувьд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монгол түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг учир энэ холбоодын асуудлыг цаашид дахин хуваагдал, хагаралд очуулахгүй байх тал дээр арга хэмжээ авч өгнө үү гэж хүсч байна. Монгол Улсын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх боломжтой байгаа тул энэ асуудалд анхаарлаа хандуулна уу гэж хүсч байгаа. Мөн хоёр холбоо гэж хуваагдсанаар "FIBA" хохирохгүй тэнд байгаа "NBA" хохирохгүй зөвхөн Монголын сагсанбөмбөгчид л хохирно гэдгийг цохин хэлье" гэлээ.
Мөн энэ улиралд зургаан номинацид шилгүүдийг шалгаруулах бөгөөд эхний дөрвөн номинацийн эзэд тодорсонг зарлалаа. "Янзтай Дээд Лиг"-ийн хамгийн үнэ цэнэтэй шагнал болох улирлын үнэ цэнэтэй тоглогчоор "Хасын Хүлэгүүд" багийн ахлагч ОУХМ Б.Билгүүн тодорчээ.
Улирлын шилдэг хамгаалан тоглогчоор "Архангай АлтанДорнодын дайчид" багийн төвийн тоглогч О.Энхбаатар, шилдэг шинэ залуу тоглогчоор "Тэнүүн-Өлзий Металл" багийн холбон тоглогч Т.Ууганбаяр, шилдэг зургаа дахь тоглогчоор ОУХМ, "Алдар Танан Гарьд" багийн тоглогч Б.Мөнхболд нар шалгарсанг мэдэгдлээ.
Шагналыг дараа долоо хоногийн тоглолтуудын өмнө гардуулах аж. Финалын үнэ цэнэтэй тоглогч болон шилдэг дасгалжуулагчийг аварга баг тодорсны дараа зарлах бөгөөд лигийн аварга багийн дасгалжуулагч шилдэг дасгалжуулагч болно гэв.
А.Болд