Украин улсын газар нутаг дээр дайн өрнөж байгаа хэдий ч тус улсын тамирчид “Бээжин 2022” XXIV дэх удаагийн өвлийн олимпын араас зохиогдож буй өвлийн паралимпд амжилт дүүрэн оролцож байна. Украин лсын тамирчид одоогийн байдлаар нийт 17 медаль хүртээд байгаа бөгөөд тэдний зургаа нь алтан медаль. Тэгвэл өчигдөр харааны бэрхшээлтэй тамирчдын оролцдог биатлоны төрлийн дундын зайн эрэгтэй (хөтөчтэй) болон эмэгтэй гараанд Украинчууд илүүрхэж эхний байруудыг эзэлснээр медалийн тавцан дээр зөвхөн Украин тамирчид зогслоо.
Эрэгтэй тамирчдын төрөлд паралимпын зургаан удаагийн аварга, 14 удаагийн медальт Виталий Лукианенко түрүүлсэн бөгөөд медальт байранд шалгарсан тамирчдаас гадна дөрөв болон тавдугаар байрны биатлончид мөн Украины тамирчид байжээ. Тэднээс өмнө тэмцээний эхэнд харааны бэрхшээлтэй тамирчдын хөтчийн хамт оролцдог биатлоны спринт төрөлд Украины эрэгтэй тамирчид мөн эхний байруудыг эзэлж ноёрхлоо тогтоогоод байсан билээ. Ингэснээр Украин биатлончид энэ удаагийн паралимпд нэг төрөлд гурван удаа алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртээд байна.
П.Тамир