“Эволюшн” сагсан бөмбөгийн клубын ахлах дасгалжуулагч Бжелич Данилотой ярилцлаа. Бжелич Данило бол Серби улсын иргэн бөгөөд FIBA-аас олгодог олон улсад хичээл заах багшийн эрхтэй мэргэжлийн дасгалжуулагч юм. Нэгэн цагт мэргэжлийн тамирчны хувиар сагсанбөмбөгийн спортоор хичээллэж улмаар үндэсний шигшээ багтаа дуудагдаж явсан тэрбээр манай улсад хүрэлцэн ирж Монгол хүүхдүүдэд сагсанбөмбөгийн боловсролыг олгож байна.
-Сагсанбөмбөгийн тамирчнаас дасгалжуулагч болсон түүхээ манай уншигчдад хуваалцана уу?
-Би сагсанбөмбөгийн спортоор зургаан наснаасаа эхлэн хичээллэсэн. Анх Белград хотын “Желесник” гэх жижиг клубт харьяалагддаг байсан бөгөөд арван нас хүрэх үедээ багаа сольж тухайн үеийнхээ Серби улсын хамгийн том хүүхдийн багуудын нэг болох “FMP” клубт нэгдсэн. Улмаар шинэ багийнхаа хамт би 2012 оны Евро лигийн аварга болсон. Тэр үед надтай нэг багт тоглодог байсан Марко Гудуричийн хувьд NBA-гийн 2019-2020 оны улиралд “Мемфис Гризлес” багийн төлөө хүчин зүтгэсэн. Мөн Сербийн өсвөрийн шигшээ багийнхаа хамт Европ тивийн тэмцээнүүдэд олон удаа оролцсон. Миний хувьд холбогчийн байрлал дээр тоглодог байсан ба насанд хүрэгчдийн шигшээ багт дуудагдах боломж надад хомс олдоогүй тул дасгалжуулагч болохоор шийдсэн. Улмаар би их сургуульд элсэн орж инженер мэргэжлийг эзэмшнээс гадна Белград хотод дасгалжуулагчийн академид суралцаж FIBA-ын олон улсын сургагч багшийн үнэмлэхээ гардан авсан.
-Өөрийг тань гадаадын олон орнуудад урилгаар очин ажиллаж хүүхдүүдэд сагсанбөмбөг зааж байсан тухай сонссон. Тэгвэл Монгол хүүхдүүд тэднээс ямар шинж чанаруудаараа ялгардаг вэ? Мэдээж Европ хүүхдүүдээс харьцангуй нуруу намхан байх.
-Монгол хүүхдүүдийн хичээл зүтгэлийг би үнэлмээр байна. Бэлтгэл бүрийн ирц 100 хувь байдаг бөгөөд миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд тэд маш их эрмэлздэг. Европ хүүхдүүдээс ялгарах зан чанар нь гэвэл Монгол хүүхдүүд гоцлон тоглолт хийх дуртай. Сагсанбөмбөг чинь багийн спорт шүү дээ. Миний энд ирсэн гол зорилго бол “Эволюшн” клубийн хүүхэд залуучуудад дамжуулалт дээр суурилсан сагсанбөмбөгийг зааж багаар ажиллах чадварт сургах юм. Эдгээр чадварууд нь сагсанбөмбөгийн спортын амжилтад хүрэх гол түлхүүр тул манай клуб тун удахгүй Монголын хамгийн шилдэг клуб болно гэдэгт итгэлтэй байна.
-Танд “Эволюшн” клубээс дасгалжуулагчийн санал ирэх үед өөр улсын багуудаас санал хүлээж авсан байв уу? Яагаад Монгол улсад ажиллахаар шийдсэн бэ?
-Тийм ээ. “Эволюшн” клуб надад санал тавих үед надад гурван ажлын санал ирээд байсан. Франц, Хятад, болон Серби буюу өөрийнхөө төрөлх улсын багууд надад ажлын санал тавьсан. Сербийн санал маань “Рэд Белград” буюу дотоодынхоо хамгийн том багаас ирсэн. Б.Тамжид дасгалжуулагч анх надтай холбогдоод ажлын санал тавих үед би нэлээд баярласан. Би аялж шинэ зүйлсийг туршиж үзэх дуртай хүн л дээ. Тийм учраас миний бие ямар ч эргэлзээгүй “Эволюшн” клубийн саналыг зөвшөөрсөн.
-Таныг угтан авсан Монгол Улсын нөхцөл байдал таны төсөөлөлтэй хэр зэрэг нийцэж байна?
-Цаг агаарын хувьд төсөөлж байснаас арай хүйтэн байлаа. Намайг ирэхээс өмнө клубийн дасгалжуулагч Б.Тамжид над руу дасгал хийх өрөө, заал танхим, болон хүүхдүүдийн зургийг явуулсан тул намайг угтан авах орчны тухай тодорхой хэмжээний төсөөлөлтэй байсан.
-Монгол Улсад хэр удаан хугацаанд ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Энэ асуудлыг би ганцаараа шийдэх боломжгүй. Багийн эзэд намайг энд үлдээхийг хүсвэл би Монгол Улсад аз жаргалтайгаар ажиллах болно. Надад шинэ ажлын саналууд ирсээр байгаа бөгөөд клубийн удирдлагуудтайгаа үргэлж зөвлөлдөж дундын нэг шийдэлд хүрдэг. “Эволюшн” клубдээ арван жил ажилласан ч харамсах зүйл алга.
-Одоо үргэлжилж байгаа Монголын Дээд лигийг та үзэж байгаа юу? Хэрэв үзэж байгаа бол Монгол тамирчдын ур чадварын талаарх таны бодол?
-Тийм ээ, Дээд лигийг үзэж байгаа. Миний хувьд Дээд лигийн тамирчид дундаас Европын лигүүдэд тоглох хэмжээний өндөр ур чадвартай олон тоглогчдыг анзаарсан.
-Тэднийг нэрлэвэл?
-Миний хувьд “Тэнүүн Өлзий металл” багийн Д.Дэлгэрням, “Эрдэнэтийн уурхайчид” багийн Т.Санчир, “Хасын хүлэгүүд”-ийн Б.Билгүүн нарыг хэлмээр байна. Гэхдээ Б.Билгүүн тоглолтын үеэр алдаа авахын тулд хэт их жүжиглээд байдаг тул энэхүү сул тал нь гадаадын лигт тоглоход нь саад болж магадгүй.
-Дээд лигийн шүүлтийн талаарх таны бодол их сонирхолтой байна?
-Би гадаадын шүүгчид болон дотоодын шүүгчдийн шүүн явуулсан тоглолтуудыг үзсэн. Эдгээр тоглолтуудын шүүлтийг харьцуулан харахад маш их ялгаатай байсан. Миний хувьд олон улсын шүүгчид илүү их мэдлэг, туршлагатай санагдсан бөгөөд Монгол шүүгчид тэднийг энд байх хугацаанд нь илүү ихийг сурч аваасай гэж хүсэж байна. Монгол шүүгчид тоглолтын явцад олон том алдаа гаргаж байсан ба тоглогч илүү алхах үед зөрчил үлээхгүй байх хандлага ажиглагдсан.
-Таны хувьд “Эволюшн” клубийн олон өөр насны ангиллын хүүхдүүдэд хичээл ордог. Хүүхдийг хэдэн настайгаас нь эхэлж сагсанбөмбөгөөр хичээллүүлбэл ирээдүйд өндөр амжилт гаргах магадлал нь өндөр байдаг вэ?
-Найман нас бол хүүхдийг сагсанбөмбөгөөр анх хичээллүүлэхэд хамгийн тохиромжтой нас. Хүүхдүүд энэ наснаасаа сагсанбөмбөгөөр хичээллэж эхэлснээр үндсэн техникүүд болох залалт, дамжуулалт, шидэлт гэх зэргийг зөв эзэмшдэг бөгөөд сагсанбөмбөгийн өндөр IQ-тай болох боломж нь ихэсдэг.
-“Эволюшн” клубээс өөрийн тань онцгойлон дасгалжуулж буй хүүхдийн баг байгаа юу? Байгаа бол ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?
-Одоогийн байдлаар байхгүй ээ. Энэ жилийн хувьд би бүх насны хүүхдүүдтэй жигд тулж ажиллан чадварыг нь сайжруулахаар зорилготой байна. Харин дараа жилээс бид өсвөр үеийн бүх тэмцээнүүдэд түрүүлэх зорилготой.
-Монголд үйл ажиллагаагаа явуулж буй сагсанбөмбөгийн клубүүд дундаас яагаад “Эволюшн” клубийг сонгох ёстой вэ? Таны давуу тал юу вэ?
-Надад сагсанбөмбөгийн тухай маш их хэмжээний мэдлэг болон туршлага байгаа. Би нэгэн цагт Сербийн залуучуудын шигшээ багийн тоглогч байснаас гадна өсвөрийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчийн хувиар ажиллаж байсан. Мөн би дэлхийн олон улсад хүүхдүүдийн дасгалжуулагчийн хувиар ажилласан. Хүүхдүүдийг хэрхэн дасгалжуулах тухай би бүхнийг мэднэ. Хамгийн гол нь би бол ялагч.
-NBA-гийн ямар багийг дэмждэг вэ?
-“Голден Стэйт Уарриорс”-ыг дэмждэг. Гэхдээ би шинэ хөгжөөн дэмжигч биш шүү /инээв/. Би хүүхэд байх үеэсээ эхлэн Монтэ Эллисийн тоглолтод дуртай байсан тул энэхүү багийг дэмжиж эхэлсэн.
-“Эволюшн” клубийн багш дасгалжуулагчдын ур чадвар болон та бүхний клуб доторх хоорондын харилцааны талаар?
-Манай хамт олны хувьд маш найрсаг нөхөрсөг хүмүүс. Бид нэг гэр бүл мэт л ажилладаг. Одоогийн байдлаар тэдэнд надаас суралцах их зүйл бий, мөн надад тэднээс суралцах асар их зүйлс байна. Бидний хувьд нэгнээсээ суралцаад хамтдаа урагшилж байна даа. Мөн миний хувьд монголоор сайн ярьдаггүй тул одоогоор туслах дасгалжуулагчийн хамт хичээлээ заадаг. Түүнийг Мөнх-Эрдэнэ гэдэг. Бид яг л ах дүүс мэт байдаг бөгөөд түүнийг ирээдүйд сайн дасгалжуулагч болж чадна гэдэгт би итгэж байгаа. Намайг “Эволюшн” клубыг орхих үед Мөнх-Эрдэнэ миний бүх мэдлэгийг өөртөө шингээж аваад миний байр суурийг орлоосой гэж хүсэж байна.
-“Эволюшн” клубийн заал танхим болон бусад хэрэглэгдэхүүний чанар олон улсын стандартад нийцэж байна уу?
-Үнэхээр гайхалтай. Үнэхээр гоё. “Эволюшн” клубийн заал танхим миний Сербид бэлтгэл хийлгэдэг байсан дээд зэрэглэлийн заалнаас ялгараад байх ялгаагүй. Мөн Монгол хүүхдүүдэд ийм зааланд бэлтгэл хийх боломж олдож буйд би туйлын ихээр баярлаж явдаг. “Эволюшн” клубийн зүгээс их хэмжээний хөрөнгө оруулалтыг сургалтын хэрэгслүүдэд зориулан хийдэг тул хүүхдүүдийн ур чадвар өдрөөс өдөрт өсөн дэвжиж байна. Манай клубээс төрөн гарсан тоглогчид Монголын Дээд лигт тун удахгүй тоглохыг нь тэсэн ядан хүлээж байна.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Ярилцлагын сүүлийн хэсгийг танд үлдээж байна.
-Хүүхдүүдийг тэвчээртэй байж шаргуу хөдөлмөрлөөсэй гэж хүсэж байна. Хөдөлмөр үргэлж амжилт дагуулдаг.
П.Тамир