Өсвөрийн бүх оддын тоглолт хэмээн нэрлэгддэг “Nike hoop summit” сагсан бөмбөгийн шоу тоглолтыг спортын алдарт брэнд “Nike” ивээн тэтгэдэг. 1995 оноос хойш уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү өсвөрийн бүх оддын тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 8-нд АНУ-ын Портланд хотын Мода центрт болно. “Nike Hoop Summit” тоглолтын 2022 оны дэлхийн багийг төлөөлөн оролцох 12 тоглогчийн нэгээр Монгол Улсын иргэн Ш.Энхийн-Од сонгогджээ. Түүний хувьд NCAA-гийн нэгдүгээр дивизоны “Дейтон”-ы их сургуулийн төлөө ирэх улирлаас эхлэн хүчин зүтгэхээр болсон билээ. Өсвөрийн бүх оддын тоглолтод оролцох тамирчны насны хязгаар 19 байдаг. Ш.Энхийн-Од энэ жил 19 настай билээ.
Энэхүү тоглолт нь сүүлийн хоёр жил коронавирусын халдварын улмаас цуцлагдаад байсан бол энэ жил ийнхүү эргэн ирж байна. Залуу тоглогчдод уг тоглолтын үеэр өөрсдийн авьяас чадвараа олон зуун скаутуудын нүдэн дээр батлан харуулах сайхан боломж олддог. Уг тоглолтод сонгогдон оролцож байсан тоглогчдоос одоогийн байдлаар 242 нь NBA-д сонгогдсон бөгөөд одоо цагт өндөр амжилт үзүүлж буй олон улсын бүх тоглогчид энэхүү шоу тоглолтод оролцож байсан. Сүүлийн 12 жилийн хугацаанд гэхэд 11 тамирчин энэ шоу тоглолтод оролцсоныхоо дараа драфтын нэг дэх сонголтоор NBA-д элсэж байв. Дашрамд дурдахад, Ш.Энхийн-Одыг “SLAM” сэтгүүл энэ онд төгсөгчдийн шилдэг 100 тоглогчийн нэгээр нэрлэсэн билээ.
П.Тамир
Сэтгэгдэл (2)