Английн премьер лигийн “Челси” клубын эзэн, Оросын тэрбумтан Роман Абрамович мэдэгдэл гаргасныг “Skysports” нийтэлжээ. Мэдэгдэлд дурдсанаар Абрамович “Челси”-г худалдах болсон бөгөөд үүнээс олсон бүх орлогоо Украины дайнд нэрвэгдэгсдийн сайн сайханд зориулах юм байна. Абрамович 2003 онд Английн “Челси” клубийг 140 сая паундаар худалдан авч байсан юм. Энэ үед “Челси” 1.5 тэрбум фунт стерлингийн өртэй байсан ч Абрамович үүнийг төлөхийг шаардахгүй гэжээ. Абрамович мэдэгдэлдээ “Би үргэлж клубийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж аливаа шийдвэрийг гаргадаг байсан. Өнөөдрийн нөхцөл байдал клуб, хөгжөөн дэмжигчид, ажилчид, ивээн тэтгэгч түншүүдийн ашиг сонирхолд нийцэж байгаа учир би клубээ зарах шийдвэрийг гаргаж байна. Клуб зарах үйл ажиллагаа зохих журмын дагуу явагдана. “Челси” бол миний хувьд хэзээ ч бизнес, мөнгө төгрөгтэй холбоотой байгаагүй. Харин миний хүсэл тэмүүлэл байсан. Тиймээс би клубыг худалдаж авах үед байсан өрийг төлөхийг шаардахгүй. Борлуулалтаас олсон орлогыг Украины дайнд нэрвэгдэгсдийн сайн сайхны төлөөх буяны санд хандивлах болно. Клубээ зарах шийдвэр гаргах маш хүнд байлаа. Ийм байдлаар клубээс явах нь маш хүнд байгаа ч энэ шийдвэр клубын ашиг сонирхолд нийцнэ гэдэгт итгэж байна. “Стэмфорд Бридж”-п сүүлийн удаа зочилж, багтаа “баяртай” гэж хэлэх боломж олдоно гэж найдаж байна. “Челси” клубын нэг хэсэг байсан энэ хугацаа насан туршийн минь бахархал. Бидний хамтдаа бүтээсэн он жилүүд, амжилтаараа би үргэлж бахархах болно. “Челси” клуб болон хөгжөөн дэмжигчид миний сэтгэл зүрхэнд үргэлж байх болно” хэмээсэн байна.
П.Тамир
Сэтгэгдэл (3)