ОХУ-Украин улсуудын хооронд өрнөөд буй зэвсэгт мөргөлдөөний үр дүнд дэлхийн ихэнх спортын олон улсын байгууллагууд ОХУ болон Беларусь улсыг төлөөлөх компани, баг, тамирчдыг тэмцээндээ оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасаар байгаа билээ.
Тэгвэл FIA-ын зүгээс (Олон улсын мотоспортын холбоо) тэд дундын байр суурийг баримталж байгаа бөгөөд Орос, Беларусь тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхийг нь түдгэлзүүлэхгүй байхаар шийдсэн байна.
Харин тэдгээр тамирчид эх орноо төлөөлөн тэмцээнд оролцох боломжгүй бөгөөд уралдааны үеэр тэдний хувцас болон авто хэрэгсэл дээр ОХУ ба Беларусь улсын төрийн далбаа болон бэлгэ тэмдэг нь байх ёсгүй бөгөөд улсын төрийн дуулал тэмцээний үеэр эгшиглэхгүй.
Тэд зөвхөн FIА-ын энх тайван, улс төрийн төвийг сахих зарчмыг баримталж тодорхой үүрэг хүлээсэн тохиолдолд FIA-н далбаан дор өрсөлдөх боломжтой юм байна. Мөн энэ онд зохион байгуулагдах байсан Оросын Гранд При тэмцээн давагдашгүй хүчин зүйлсээс болж цуцлагдсан гэнэ.
П.Тамир