Английн Премьер лигийн хүрээнд лигийг тэргүүлэгч Манчестер Сити болон хүснэгтийн доод хэсэгт бичигдэж буй Эвертон клубууд хоорондоо учраа тааран өнгөрөгч ням гарагт тоглосон. Уг тоглолтод Манчестер Сити клуб Фил Фодены 82 дахь минутад оруулсан гоолын ачаар 1:0 харьцаатайгаар ялалт байгуулсан. Гэхдээ тоглолтын дундуур Манчестер Ситигийн хамгаалах чиглэлийн Испани хагас хамгаалагч Родриг торгуулийн талбайд бөмбөгөнд гар хүрсэн боловч тоглолтыг шүүсэн Пол Тирни торгуулийн цохилт заагаагүй. Энэхүү шүүгчийн мэргэжлийн бус алдааг Эвертон клубын ахлах дасгалжуулагч Фрэнк Лампард ихэд шүүмжлэн Премьер лигийн зүгээс уучлал гуйхыг шаардаж байгаагаа мэдэгдсэн.
Мөн Манчестер Сити клубын ахлах дасгалжуулагч Пеп Гвардиола уг явдлын тухай: “Родри торгуулийн талбайд гараа ашиглан бөмбөгөнд хүрсэн нь үнэн. Хэрэв шүүгч торгуулийн цохилт заасан бол би хүлээн зөвшөөрөх байсан. Гэхдээ манай тоглогч бөмбөгөнд гараараа хүрэхээс өмнө Эвертон клубын өрнүүлсэн довтолгоо отон тоглолт байсан гэж надад санагдсан. Хэрэв тэр довтолгоо отон тоглолт биш байсан бол Эвертон клуб яах аргагүй торгуулийн цохилт цохих ёстой байсан.” гэжээ. Ийнхүү чухал тоглолтоос оноо авч чадалгүй хоосон хоцорсон Эвертон клуб лигээс хасагдах бүсэд байгаа багуудаас нэг онооны дээр бичигдэж байна.
П.Тамир