Энэ жил 44 нас хүрээд байгаа домогт Итали хаалгач Жианлуижи Буффон Парма клубтэй гэрээгээ сунгаж дахин хоёр жил Сери Б буюу Италийн хоёрдугаар лигт тоглохоор боллоо.
Жианлуижи Буффон нь мэргэжлийн тоглогчийн замналаа 1995 онд Парма клубт эхлүүлсэн бөгөөд Ювентус клубт хорин улирал тоглосон хугацаандаа 509 тоглолтод оролцож арван удаа Италийн Сери А лигт түрүүлсэн.
Мөн тэрээр Францын Парис сен-Жермейн клубын төлөө 2018-2019 оны улиралд хүчин зүтгэж Лиг 1-ийн аварга болсон удаатай. Ийнхүү замналынхаа төгсгөл хэсэгт ирээд буй Жианлуижи Буффон төрөлх багтаа очиж талбай дээр болон талбайн гадна багийнхаа залуусыг удирдаж, тэдэнд өөрийн урт удаан замналынхаа туршид цуглуулсан арвин их туршлагаасаа хуваалцах зорилготой очоод байгаа билээ. Италийн шигшээ багийнхаа хамтаар 2006 оны ДАШТ-д түрүүлсэн тэрээр бүх цаг үеийн хамгийн шилдэг хаалгачдын нэгээр зүй ёсоор тооцогддог. Жианлуижи Буффоны байгуулсан гэрээ дуусах үед тэрээр 46 настай байх бөгөөд энэ улирал Парма клуб Сери Б лигт 13-аар байранд бичигдэж байна. Мэргэжлийн хөлбөмбөгчдийн зодог тайлдаг дундаж нас нь 35 байдаг бол (хаалгачдын хувьд 38) Жианлуижи Буффон 44 насандаа их спортдоо зүтгэсээр байна.
П.Тамир