Дэлхий дээрх хамгийн олон тооны үзэгчтэй спортын арга хэмжээ болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны сүүлээр Катар улсад зохион байгуулагдана. Тэгвэл уг тэмцээнд оролцохын тулд ОХУ, Швед, Чех, Польшийн шигшээ багууд хоорондоо нэмэлт тоглолт хийж нэг баг нь тэмцээний эрхийг авахаар болсон. ОХУ-Польшийн шигшээ багууд хоорондоо тоглож ялалт байгуулсан баг нь нөгөө талаас шалгарсан багтай тоглож хоёр удаа ялалт байгуулсан нь Катар улсыг зорих ёстой. Тэгвэл Польш-ОХУ-ын тоглолт Москва хотод зохиогдох ёстой байсан хэдий ч Швед, Чех, Польшийн шигшээ багууд ОХУ-д тоглохгүй хэмээн дуу нэгтэйгээр эсэргүүцсэнээр уг тоглолтыг өөр газар зохион байгуулахаар болсон.
Гэвч Польш болон Шведийн шигшээ багууд нэмэлт мэдэгдэл хийж ОХУ-ын шигшээ багийн эсрэг одоогийн өрнөж буй үйл явдалтай холбон тоглох боломжгүй гэжээ. Үүний тухай Польшийн шигшээ багийн довтлогч Роберт Левандовски: “Тамирчин хүний хувьд Украин улсад юу тохиолдож байгааг харсаар байж юу ч болоогүй юм шиг ОХУ-ын шигшээ багийн эсрэг би тоглож чадахгүй. Шигшээ багийн зүгээс зөв шийдвэр гаргалаа” гэсэн бол шигшээ багийн хаалгач Войцех Щенсный: “Миний эхнэр Украин хүн. Миний хүүгийн судсаар Украин удмын цус гүйж байгаа гэсэн үг. Би Украинд өрнөж буй зэвсэгт халдлагын талаар маш их санаа зовж мөн харамсаж байна. Хэдийгээр шигшээ багаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох нь тамирчин хүний хувьд хамгийн том бахархал байдаг ч энэ удаа би ОХУ-ын шигшээ багийн эсрэг тоглож чадахгүй” хэмээжээ.
Швед болон Польшийн шигшээ багууд ийнхүү урьдчилсан шатны тоглолтуудад оролцохгүй болбол тэднийг хасах эсвэл өөр аргаар асуудлыг шийдэх тухай ямар нэгэн албан ёсны мэдэгдлийг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос хийгээгүй байна. Мөн Чехийн домогт хөлбөмбөгчин Павел Недвед: “Польш болон Шведийн шигшээ багуудын шийдвэр бол зөв. Чехийн шигшээ баг юуг хүлээгээд шийдвэрээ гаргахгүй байгааг би ойлгохгүй байна. Удахгүй Чехийн шигшээ багийн зүгээс ОХУ-ын эсрэг тоглохгүй байх шийдвэрийг гаргаасай гэж хүсэж байна” гэжээ.
П.Тамир
Сэтгэгдэл (1)