Бүх нийтийн биеийн тамирыг дэмжиж, хөлбөмбөгийн спортыг сурталчлан таниулах, хөдөө орон нутагт шударга өрсөлдөөнийг бий болгож, багийн спортыг хамтын хичээл зүтгэлээр хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Баянхонгор аймгийн хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй “21 аймгийн Футзалын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн” өчигдөр Баянхонгор хотод эхэллээ.
Нийт 7 хоногийн турш үргэлжлэх тус тэмцээнд дээд шатанд болон нэгдүгээр шатанд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Дорнод, Дорноговь, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Ховд, Сүхбаатар, Говьсүмбэр, Булган, Өмнөговь, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Хэнтий зэрэг 19 аймгийн шигшээ баг шилжин явах цомын төлөө өрсөлдөхөөр цуглажээ.
Харин шүүгчдийн бүрэлдэхүүнд Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Ази тивд үнэлэгдсэн, чансаа дээгүүр А зэрэглэлийн шүүгчдээс эхлээд Монголын Хөлбөмбөгийн Холбооны шүүгчдийн зэрэглэл тодорхойлох сургалтыг амжилттай төгссөн залуучууд ч багтсан байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар тэмцээнийг нээж үг хэлэхдээ “Дэлхийн хамгийн их хөгжөөн дэмжигчтэй хаан спорт гэгддэг хөлбөмбөгөөр дамжуулан хүүхэд, залуучууд зөв төлөвшил, тэсвэр хатуужил, багийн ажиллагаа зэрэгт суралцаж, эрүүл чийрэг бие бялдартай, хүнлэг энэрэнгүй нэгэн болж төлөвшдөг. Цар тахлын улмаас 2 жилийн дараа эргэн ирж буй уг тэмцээнийг хамтран зохион байгуулагч Баянхонгор аймаг нь өнгөрсөн онд олон улсын стандартад нийцсэн, цоо шинэ талбайтай болж, спорт цогцолбор болон хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх бүтээн байгуулалтын ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр байна. Мөн аймгийн хэмжээнд ерөнхий болосвролын сургууль бүрийн гадаах талбайг зүлэгжүүлж, тохижуулах ажилд анхаарч байгаа нь сайшаалтай” гэв.