Турк улсын Истанбул хотод чөлөөт бөхийн чансаа олгох энэ оны анхны тэмцээн болж өндөрлөсөн. Уг тэмцээнд Монголоос 15 тамирчин оролцсон бөгөөд найман тамирчин олимпын жинд медалийн төлөө барилдсанаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ. Тодруулбал, 62 кг-ын жинд С.Цэрэнчимэд, 53 зг-ын жинд Б.Болортуяа нар алтан медаль, 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл, 57 кг-ын жинд Х.Болортуяа нар мөнгөн медаль, 50 кг-ын жинд Д.Отгонжаргал хүрэл медаль хүртсэн билээ. Чөлөөт бөхийн Монголын тамирчид сар гаруйн өмнө эх орноосоо мордож ОХУ-ын Крансноярск, Дагестаны Хасаюрт хотуудад хамтарсан бэлтгэл хийгээд Туркийн Истанбулыг зориод байв.
Истанбулын тэмцээнээ дуусгасан манай улсын чөлөөт бөхийн тамирчид одоо тус хотод "гацаад" байна. Учир нь, эх орондоо буцах онгоцны тийзээ ОХУ-аар дамжих нислэгийн тийз захиалаад байсан ч дайны нөхцөл байдалтай холбогдуулан нислэг тодорхойгүй хугацаагаар цуцлагдаад байгаа юм байна. Тэд Истанбул-Улаанбаатарын шууд нислэгээр ирэхээр тийз захиалж байгаа юм байна. Энэ тэмцээнд хувиасаа зардал мөнгөө гаргаад оролцсон тамирчдын хувьд Истанбулд байрлах хугацаанд нь тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа ажээ.
Дашрамд дурдахад чөлөөт бөхийн ДАШТ-д жин бүрийн чансааны эхний дөрвөн тамирчин хэсгээ толгойлдог шинэ дүрэмтэй болсон учраас чансаа олгох барилдаан бүрийг өнжихгүй, амжилттай оролцох нь чөлөөт бөхийн тамирчдад чухал болоод байгаа билээ.
А.Болдбаатар