“Бизкон аудит” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан, Монгол улсын начин цолны хүндэтгэлийн улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан амжилттай өндөрлөж Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд Мягмарын Бадарч найм даван түрүүлж Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Баярсайханы Орхонбаяр үзүүрлэлээ.
Энэхүү түрүү нь М.Бадарчийн улсын гарьд цол хүртсэнээсээ хойш улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанаас авсан анхны түрүү нь болж байгаа юм. Харин уг барилдааны их шөвгийн дөрөвт түрүү үзүүрийн бөхчүүдээс гадна Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан болон Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий нар шалгаран үлдсэн. Мөн уг барилдаанд допингийн асуудлаас болж удаан хугацаанд бөхийн өргөөнд зодоглоогүй байсан даян аварга Н.Батсуурь болон улсын арслан Р.Пүрэвдагва нар хүч сорЬсноороо онцлог болж өнгөрлөө.
П.Тамир