“Бизкон аудит” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан, Монгол улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан өнөөдөр буюу хоёрдугаар сарын 27-д зохион байгуулагдахаар товлогдсон. Тэгвэл Даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Р.Пүрэвдагва нарын допингийн хэрэгт оногдуулсан шийтгэлийг бөхчүүд эсэргүүцэж нэгдүгээр сарын 13-нд зохион байгуулагдах байсан Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаан цуцлагдсан. Тэрхүү эсэргүүцлийг манлайлж байсан бөхчүүдийн нэг болох Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд бөхийн барилдаан эхлэхийн өмнө мэдэгдэл хийж: “Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдааны дараа Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 10 гаруй бөх рүү зурвас илгээж хэлэлцээр тогтоохоор болсон. Гэвч уулзалтын үеэр бид бүхэн тодорхой шийдэлд хүрээгүй. Миний хувьд нийт бөхчүүдийн эрх ашгийг аравхан бөх шийдэх нь ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрийн барилдаан дээр манай Даян бөхийн дэвжээний залуус барилдахгүй.” гэсэн. Харин улсын арслан Ц.Содномдорж барилдаан эхлэхийн өмнө эсэргүүцлээ үргэлжлүүлж байсан хэдий ч бөхийн өргөөнд цугласан үзэгч түмэн болон Улсын начин цолтой ахмад бөхчүүдээ хүндлэн дэвжээнд гарч барилдахаар боллоо.
П.Тамир
Сэтгэгдэл (14)