Монголын сагсанбөмбөгийн үндэсний дээд лигийн плей-оффын эхний шатны сүүлийн тоглолт өчигдөр "Завхан Бродерс" болон "Тэнүүн Өлзий Металл" багуудын дунд болж өндөрлөлөө. Цувралын харьцаа 2-2 байсан бөгөөд энэхүү тоглолтод ялалт байгуулсан баг нь дараагийн шатанд шалгарч аваргуудыг эхний шатнаас гэр лүү нь буцаасан "Эрдэнэтийн Уурхайчид"-ын эсрэг тулах байлаа. Тэгвэл тоглолтын эхний хагас 34-55 харьцаатайгаар "Тэнүүн Өлзий Металл" багийн давамгайлал дор өндөрлөж хоёрдугаар хагас эхлэх үед Завхан Бродерс багийн тоглогчид нэгдүгээр үед гаргасан шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн талбайд гарч тоглосонгүй. Улмаар дүрмийн дагуу хүлээлгийн 15 минут өндөрлөж тоглолтын хожлыг "Тэнүүн Өлзий Металл" багийнханд өгч тэд дараагийн шатанд шалгарсан.
Уг тоглолтыг Польш улсын мэргэжлийн шүүгчид шүүн явуулсан бөгөөд тэдний Монголын лигт ирээд ажилласан анхны тоглолт нь ийнхүү харамсалтай нөхцөл байдалтай өндөрлөв. "Завхан Бродерс" багийн гаргасан үйлдэл бол лигийн тоглолтоо үзэх тасалбарын мөнгөө төлөөд Спортын Төв ордон цуглаад байсан үзэгчдийг, Дээд лигийн зохион байгуулагчдыг, өрсөлдөгч болох "Тэнүүн Өлзий Металл" багийн хамт олныг, ганцаараа талбайд гарч ирсэн багийн анд Кристофер Блейкийг, сагсанбөмбөгийн спортыг дорд үзсэн маш ичгэвэртэй үйлдэл байв. Тоглолтын хоёрдугаар хагас эхлэх үед "Завхан Бродерс" багийн легионер тоглогч Кристпфер Блейк талбай дээр ганцаараа гарч ирэн багийн нөхдөө хүлээж суусаар тэмцээнээс хасагдсан үйлдэл нь тус тоглогчийн спортын соёл биднээс хэдэн алхмын өмнө байгаагийн тод илрэл юм.
Тоглолтын эхний хагаст "Тэнүүн Өлзий Металл" баг илт илүү тоглолтыг үзүүлсэн бөгөөд "Завхан Бродерс" багт ямар нэгэн гомдоллох тодорхой шалтгаан ч байсангүй. Мөн тэд шүүгчдийн гаргасан ямар үйлдэл дээр санал зөрсөн тухайгаа албан ёсны мэдэгдэл хийгээгүй. Хэдий 20 оноогоор хожигдож байсан ч уг оноог хүсвэл нэг үеийн дотор барьж болдог гэдгийг хэдхэн хоногийн өмнө Эрдэнэтийн Уурхайчид батлан харуулсан. Хэрэв уг асуудалд хэн нэгэн буруутай бол тэр хүн нь яах аргагүй багийн ахлах дасгалжуулагч А.Алтан-Очир. Анх талбай дээр гарч тоглохгүй байх саналыг хэн ч гаргасан байж болох хэдий ч ахлах дасгалжуулагчийн хувьд спортоо хүндэлж багийнхандаа тоглох тушаал өгч ямар ч нөхцөл байдалд тоглолтыг дуусгах үүрэгтэй.
Спорт гэдэг зүйлийн гол утга учир нь ялж ялагдахтай холбоогүй гэдгийг Монголын дээд лигийн зарим багууд ойлгох хэрэгтэй биз. Уг асуудлын өмнө улирлын тоглолтуудын үеэр “Эрдэнэтийн Уурхайчид”, плей-оффын шатанд “Архангай Алтан Дорнодын Дайчид” болон “IHC Apes” багууд гомдол гаргаж их хэмжээний мөнгө нэхэмжлэх, шүүгчдийг солих гэх мэт мэдэгдлүүдийг гаргасан хэдий ч тэд бүгд үзэгчид болон спортоо хүндлэн талбайд гарч тоглосон. Одоогоор ""Завхан Бродерс багт ямар нэгэн шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг Дээд лигийг зохион байгуулагчдын зүгээс гаргаагүй байна. Хэрэв тэдэнд шийтгэл оногдуулахгүй энэ чигээр нь орхивол мэргэжлийн багийн хувиар гаргасан уг хариуцлагагүй үйлдлийг нь өөгшүүлэн дэмжиж буйтай агаар нэгэн хэрэг.
П.Тамир
Сэтгэгдэл (11)