Энэ оны арван нэгдүгээр сарын 21-д эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох 32 багуудыг тодруулах урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар 15 шигшээ багууд Катар улсыг зорих эрхээ баталгаажуулаад байгаагаас 10 нь Европ тивийн орнууд. Мөн тэднээс гадна хэсгийн шатнаас эрхээ авч чадаагүй 12 улсын шигшээ багууд гурван хэсэгт хуваагдан нэмэлт гурван эрхийн төлөө өрсөлдөхөөр болсон. Тэгвэл ОХУ, Польш, Швед, Чехийн шигшээ багууд сугалааны дагуу нэг хэсэгт орсон. Гуравдугаар сарын 24-ий өдөр ОХУ-Польшийн шигшээ багууд Москва хотод, Швед-Чехийн тоглолт Стокхолм хотод тус тус явагдаж ялалт байгуулсан багууд гуравдугаар сарын 29-нд эцсийн тоглолтоо ОХУ-Польшийн тоглолтоос хамаарч Москва эсвэл Чорзов хотод хийх оноолттой байсан.
Тэгвэл өчигдөр ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсын газар нутаг руу довтолж эхэлсэн явдлыг уг шигшээ багууд эсэргүүцэж эхэлжээ. Тэдний мэдээлж буйгаар хэрэв дайны нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол Москва хотод зохиогдох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцохгүй гэв.
Уг шийдвэрийг Швед, Польш, Чехийн шигшээ багууд нэгдэн гаргасан бөгөөд зөвхөн ОХУ-ын газар нутагт тоглохгүй гэсэн ба ОХУ-ын шигшээ багийн эсрэг өөр газар тоглоход ямар ч асуудалгүй гэсэн байна. Харин Украин улсын шигшээ баг Уэльс, Австри, Шотландын шигшээ багуудтай нэг хэсэгт орсон бөгөөд хуваарийн дагуу талбай дээрээ ямар нэгэн тоглолт хүлээж авахгүй юм байна.
П.Тамир