Өнөө цагийн шатрын спортын хамгийн шилдэг 16 их мастерууд цуглаж “Airthings Masters” тэмцээнд өрсөлдөж байна. Тэд хоорондоо тойргоор тоглож хамгийн өндөр оноотой найман тоглогчид дараагийн шатанд шалгарч хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхлэхэд бэлэн боллоо.
Тэгвэл уг тэмцээнд оролцож байгаа дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн таван удаагийн аварга Норвегийн их мастер Магнус Карлсен дөрвөн удаа ялагдал хүлээгээд байна. Түүнтэй ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлдэг их мастеруудын хамтаар Энэтхэгийн 16 настай их мастер Рамешбабу Прагнанандхаагий Магнус Карлсенг ялсан нь нэлээд шуугианыг тарьсан. Рамешбабу Прагнанандхаагий нь олон улсын их мастер цолыг хүртсэн хамгийн залуу (10 насандаа) тамирчин бөгөөд Магнус Карлсенг ялж буй гурав дахь Энэтхэг хүнээр тодорсон. Тоглолтын эхэнд Магнус хэд хэдэн алдаа гаргасан тул залуу их мастер боломжийг алдалгүй давуу байдлыг өөрийн талд шилжүүлэн тоглосоор 39 нүүдлийн эцэст хожил байгуулсан.
Тэмцээний эхний өдөр Рамешбабу Прагнанандхаагий нэг ч ялалт байгуулж чадаагүй байсан хэдий ч хоёр дахь өдрийн тоглолтын үеэр түүхэн ялалтыг байгуулсан. Гэвч тэрээр тэмцээнийг 12-аар байранд өндөрлүүлснээр хасагдах шатанд шалгарах боломжгүй болж байгаа юм. Мөн 2013 онд Магнус Карлсен дэлхийн аварга болсноос хойш түүнийг буулган авсан хамгийн залуу тамирчин болсон.
Уг тэмцээний өмнө Магнус Карлсен коронавирусын халдвар авсан бөгөөд энэхүү талаараа “Би өөрийгөө зүгээр гэж бодсон. Гэвч тийм байгаагүй. Эхний өдрүүдэд төвлөрөх гэж хичээх үед толгойд юм бодогдохгүй яг л тархи маань хоосон болчихсон юм шиг мэдрэгдэж байсан. Гэхдээ бага багаар миний бие дээрдэж байгаа” хэмээжээ. Тэрээр ОХУ-ын их мастер Ян Непомнящийгийн ард хоёрдугаар байранд жагсаж хэсгийн шатыг өндөрлүүлсэн.
П.Тамир