Австрали улсын түүхэн дэх хамгийн шилдэг өвлийн спортын тамирчин Стивен Брэдберигийн олимпын аварга болсон өвөрмөц түүхийг та бүхэнд хүргэж байна. Стивен Брэдбери нь 1973 оны аравдугаар сарын 14-нд Австрали улсад мэндэлсэн шорт трекийн тамирчин. Тэрээр 1991 оны ДАШТ-д Австрали улсын баг тамирчдын хамт эрэгтэйчүүдийн 5,000 метрийн буухиа уралдаанд амжилттай оролцож түрүүлснээр Австрали улсын өвлийн спортын анхны дэлхийн аваргуудын нэг болсон.
1992 ОНЫ АЛЬБЕРВИЛИЙН ОЛИМП
Улмаар энэхүү төрөлдөө 1992 оны өвлийн олимпд оролцсон ч хагас шигшээ шатны уралдаанд багийн тамирчин Ричард Низельски хөл алдаж унаснаар финалд шалгарах боломжгүй болж тэмцээнээс хасагдсан. Стивен Брэдбери нь ямар нэгэн ганцаарчилсан шатны уралдаанд оролцоогүй тул түүний хувьд Альбервилийн олимп тэрхүү уралдаанаар дууссан. Мөн тэрээр дөнгөж 18 настай залуу тамирчин байсан тул талбайд уралдалгүй сэлгээнд сууж байв.
1994 ОНЫ ЛИЛЛЕХАММЕРЫН ОЛИМП
Стивен Брэдбери нь энэхүү олимпд шорт трекийн багийн буухиа уралдаан, ганцаарчилсан төрлийн 500 метр болон 1,000 метрийн төрлүүдэд оролцсон. Багийн буухиа уралдаанд финалын шатанд шалгарсан тэд өрсөлдөгч багуудаасаа хурд дутуу гэдгээ мэдэж байв. Финалын шатанд тэдэнтэй өрсөлдөх гурван багийн аль нэг нь унаж, эсвэл зөрчил гарган тэмцээнээс хасагдвал Австрали улсын багт медаль хүртэх боломж олдох тул хүлээцтэй уралдах шийдвэрийг гаргасан. Уралдаан эхэлж Австрали улсын баг дөрөвдүгээр байранд явж байх үед Канадын багийн тамирчин хөл алдан унаж нэлээд цаг алдсанаар олимпын хүрэл медаль Стивен Брэдбери болон түүний багийн нөхдийн халаасанд өөрөө ороод ирэв. Хэдийгээр Австралийн тамирчин Ричард Низельски мөнгөн медалийн төлөө зүтгэж АНУ-ын тамирчинг гүйцэх боломж байсан хэдий ч эрсдэл гаргахыг хүсэлгүй гуравдугаар байранд явсаар уралдааныг дуусгасан. Иинхүү Стивен Брэдбери нь Австрали улсын анхны өвлийн олимпын медалийг хүртсэн дөрвөн тамирчны нэг болсон түүхтэй.
Харин 500 метрийн ганцаарчилсан уралдаанд урьдчилсан шатны уралдаанууддаа амжилттай уралдаж хагас шигшээ шатанд шалгараад байсанч өрсөлдөгч тамирчны нөлөөтэй унаж улмаар дөрөвдүгээр байранд орсноор тэмцээнээс хасагдсан. Харин 1,000 метрийн зайн уралдааны урьдчилсан шатанд хасагдаж Стивен Брэдбери нь Лиллехаммерын олимпыг хүрэл медальтай өндөрлүүлсэн.
Тэрхүү жилдээ Монтреалын дэлхийн цомд уралдаж байхдаа осолдож өрсөлдөгч тамирчны тэшүүрийн ир түүний баруун гуяыг гүнзгий зүссэнээр их хэмжээний цус алдсан. Түүний зүрхний хэм тухайн үед 200 хүрж байсан бөгөөд гуяны үндсэн дөрвөн булчин нь бүгд зүсэгдэж маш хурдан цус алдаж байжээ. Хэрэв тэрээр уг ослын үеэр ухаан алдсан бол амь насаа алдах аюултай байсан хэмээн эмч нар хэлсэн байдаг. Стивен Брэдбери нь гуяндаа 111 оёдол тавиулж гурван долоо хоногийн турш хөдөлгөөн хийх боломжгүй хэвтэрт байсан. Улмаар булчин нь бүрэн эдгэрч буцаад мэргэжлийн түвшинд бэлтгэл хийх боломжтой болох хүртэл түүнд 18 сар шаардагдсан. Одоо үед шорт трекийн тамирчдын хувцсыг тэшүүрийн ирэнд зүсэгддэггүй материалаар хийдэг тул уг төрлийн осол гарах аюул байхгүй.
1998 ОНЫ НАГАНОГИЙН ОЛИМП
Энэхүү олимпд өмнөх олимпоос медаль хүртсэн тамирчдын гурав нь Австралийн буухиа уралдааны бүрэлдэхүүнд байсан хэдий ч урьдчилсан шатанд гуравдугаар байранд шалгарч тэд финалд уралдах боломжгүй болсон. Мөн B финалын уралдаанд хамгийн сүүлийн байранд орсноор буухиа төрөлд өрсөлдсөн найман багаас хамгийн сүүлд бичигдсэн.
Ганцаарчилсан төрлийн хувьд хүнд гэмтлээс эргэн ирээд байсан Стивен Брэдбериг медаль хүртэх боломжтой тамирчдын нэг хэмээн хүмүүс таамаглаж байв. Гэвч 500 метр болон 1,000 метрийн зайн урьдчилсан шатны уралдаануудад хангалтгүй уралдсанаар түүний хувьд олимпын наадам өндөрлөсөн.
Уг олимпоос хоёр жилийн дараа буюу 2000 онд Стивен Брэдбери бэлтгэлийн үеэр хүзүүгээ маш хүнд гэмтээж хүзүүнийхээ C4 болон C4 нугаламыг хугалсан. Ойролцоогоор нэг сар хагасыг хүзүү хамгаалагчтай явсан тэрээр гавлын ясандаа дөрвөн ширхэг зүү, мөн нуруу болон цээжиндээ диск, боолтыг суулгуулах шаардлагатай болсон. Эмч нар түүнийг дахиж тэшүүрээр гулгах боломжгүй бөгөөд эрүүл мэндээ бодоод зодог тайлахыг зөвлөж байв. Гэвч Стивен Брэдбери нь сүүлийн олимпдоо оролцож өөрийн хүртэж үзээгүй ганцаарчилсан төрлийн олимпын медалийг авах зорилгынхоо төлөө эрсдэлтэй шийдвэр гаргаж бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийсэн.
2002 ОНЫ СОЛТ-ЛЕЙКИЙН ОЛИМП
Энэхүү олимпын шорт трекийн төрлийн эрэгтэйчүүдийн 1,000 метрийн зайн уралдаанууд олимпын түүхэн дэх хамгийн санаанд оромгүй үйл явдлуудаар дүүрэн байв. Стивен Брэдбери нь урьдчилсан шатны уралдаандаа түрүүлж дараагийн шатанд шалгарсан бөгөөд оролцож буй бөх төрөлдөө түрүүлэх өндөр магадлалтай байсан тэмцээнийг зохион байгуулж буй эзэн орны тамирчин Аполо Антон Оно болон уг зайн дэлхийн аварга Канадын Марк Гагнон нарын хамт нэг гараанд гарч уралдах боллоо. Зөвхөн хоёр тамирчин л хагас шигшээ шат руу шилжинэ. Стивен Брэдбери уралдааныг гуравдугаар байранд орж өндөрлүүлсэн ч шүүгчид Марк Гагноныг японы тамирчин дээр алдаа гаргасан гэж үзсэнээр түүнийг тэмцээнээс хасаж Японы тамирчинг хагас шигшээ шат руу дэвшүүлсэн. Ингэснээр Марк Гагноны хагас шигшээ уралдааны эрх Стивен Брэдберид шилжиж түүнд дахин нэг боломж олдов.
Хагас шигшээ уралдааны өмнө Австралийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Анн Жанг болон Стивен Брэдбери нар нэгэн төлөвлөгөө боловсруулав. Стивен Брэдбери хэдийнээ ахмад тамирчин болж бусдаас хурдаар удаан байсан тул уралдааныг тамирчдын ард үргэлжлүүлж осол гарахыг хүлээх нь хамгийн зөв тактик гэж шийдэв. Хамаг хүчээ шавхан эхний байруудад шалгарах гэж оролдох нь осол гарах магадлалыг л ихэсгэнэ гэж үзсэн байв. Хагас шигшээ уралдаанд таван тамирчин өрсөлдөж төлөвлөгөө ёсоор Стивен Брэдбери хамгийн сүүлд явж байв. Тэгэх үед өмнөх олимпын аварга Өмнөд Солонгосын Ким Донг Сун хөл алдан тэмцээнээс хасагдаж сүүлийн тойрог дээр дэлхийн арван удаагийн аварга БНХАУ-ын Ли Жиажун болон Канадын дэлхийн гурван удаагийн аварга Матьё Тюркотт нар осолдож Стивен Брэдберигийн төлөвлөгөө биелэж Японы тамирчны хамтаар барианд орж финалд шалгарав. Гэвч шүүгчдийн баг Япон улсын тамирчинг осол гарах алдааг гаргасан гэж үзэн тэмцээнээс хасаж Канад болон БНХАУ-ын тамирчдыг финалын шат руу шилжүүлсэн.
Финалын шатанд Австрали, АНУ, Өмнөд Солонгос, БНХАУ, Канад улсын төлөөлөл болсон таван тамирчид уралдахаар болов. Стивен Брэдберигээс бусад нь бүгд л ганцаарчилсан төрлийн олимпын медальтай шилдэг тамирчид. Хагас шигшээ шатанд баримталсан арга барилаа өөрчилж медалийн төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлэхийг тэрээр хүссэнгүй. Тамирчид байраа эзлэн шүүгч дохионы буугаар уралдаан эхэлснийг зарласнаар тамирчид гараанаас гарав. Эхний есөн тойргийн турш Стивен Брэдберигээс бусад дөрвөн тамирчид хоорондын дарааллаа өөрчилсөөр л. Гэвч сүүлийн тойргийг илтгэсэн хонх дуугарч тамирчид алтан медалийн төлөө хурдаа нэмэн тэмцэлдэж барианаас 50 метрийн зайд байх үед эхний тамирчин Ли Жиажун унав. Хоёр дахь тамирчин Өмнөд Сологосын Ан Хён Су унав (Тэрээр Өмнөд Сологосыг төлөөлөн 2006 оны олимпоос гурван алт, ОХУ-ыг төлөөлөн Виктор Ан гэх нэртэйгээр 2014 онд мөн гурва алтан медаль хүртсэн домогт тамирчин.) Гурав дахь тамирчин АНУ-ын Аполо Антон Оно унав. Дөрөв дэх тамирчин Канадын Матьё Тюркотт унав. Яг энэхүү цаг мөчид бусад өрсөлдөгчдөөсөө 15 метрийн зайтай явсан Стивен Брэдберид боломж олдож сүүлийн 50 метрийг аюулгүй туулж барианд орсноор хорин жил мөрөөдсөн ганцаарчилсан төрлийн олимпын медалиа хүртэх болзлоо хангав. Зугээр ч нэг медаль бус олимпын алтан медалийн болзлыг хангав. Уралдааны бүтэн бичлэг. Шүүгчид уг уралдааны бичлэгийг удтал нягталсны эцэст дахин уралдуулахгүй байхаар шийдэж Стивен Брэдберид алт, АНУ-ын Аполо Антон Онод мөнгө, Канадын Матьё Тюркоттод хүрэл медалиудыг олгож БНХАУ-ын Ли Жиажуныг уг осолд буруутай хэмээн үзэж тэмцээнээс хасах шийдвэрийг гаргасан. Мөн энэхүү олимпын уг зайд Монгол улсыг төлөөлөн Баттулгын Октябрь оролцож урьдчилсан шатны уралдаанд Ким Донг Сун болон Аполо Антон Оногийн хамт нэг гараанд гарч уралдсан.
Ийнхүү Австрали улсын анхны өвлийн олимпын аварга болсон тэрээр уралдааны дараах ярилцлагынхаа үеэр “Мэдээж би хамгийн хурдан нь байгаагүй. Уралдаж байх үедээ би өөрийгөө медаль авна гэж бодоогүй ээ. Зүгээр л удаан хугацаанд үргэлжилсэн замналынхаа турш анх удаа олимпын финалд шалгарсан тул уралдааны замаа нэр төртэйгөөр туулж дуусгахыг хүсэж байлаа. Би тэдний дунд хамгийн ахмад тамирчин нь байсан тул хамгийн сүүлийн байранд орох нь миний хувьд санаа зовох асуудал биш байсан. Гэвч эцсийн эцэст би яллаа.” гэж хэлсэн. Мөн сүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Би бүх тамирчдыг алтан медалийн төлөө өрсөлдөөн гаргахыг мэдэж байсан. Аполо Антон Оно бол эзэн орны тамирчин. Үзэгчид түүнээс зөвхөн алтан медаль хүлээж байсан. Ли Жиажунд олимпын таван медаль байсан хэдий ч түүнд алтан медаль байгаагүй. Тэр дутуугаа гүйцээх гэж хичээх нь тодорхой байсан. 1,000 метрийн зай бол Матьё Тюркоттын олимпд оролцож буй цор ганц ганцаарчилсан төрөл нь байсан. Мөн Өмнөд Солонгосын залуу тамирчин Ан Хён Су олимпд маш өндөр формтой ирсэн. Харин би тэдний ард хоорондоо тэмцэлдэхийг нь хүлээгээд гулгаж байсан даа.” хэмээсэн.
Энэхүү олимпын үеэр Стивен Брэдбери нь өөр гурван төрөлд оролцсон бөгөөд багийн буухиа уралдаан болон 1,500 метрийн зайд хагас шигшээ шатнаас, 500 метрийн төрөлд хоёр дахь урьдчилсан шатнаас тус тус хасагдсан.
Өмнө нь хэлж байсанчлан Стивен Брэдбери нь энэхүү олимпын дараа зодог тайлсан бөгөөд авто спортоор хэсэг хугацаанд хичээллэсэн. Шорт трекийн спорттой холбоотой үлдсэн ба 2006 болон 2010 оны олимпыг нутагтаа тайлбарласан хүргэжээ. Мөн 2009 онд Квинсланд гэх Австралийн мужийн спортын алдрын танхимын гишүүнээр нэрлэгдсэн. Тамирчны замналыг нь зогсоох хүчтэй хоёр хүнд бэртлийг даван туулж зорилгынхоо төлөө дөрвөн олимпд оролцсон түүний хүч хөдөлмөрийг үнэлбэл тэрээр яах аргагүй олимпын аварга гэх цолыг хүртэх ёстой нэгэн. Аз ёндоо хэмээх зүйл бидний дунд тохиолддог хэдий ч мөрөөдлийнхөө төлөө зүтгэж хөдөлмөрлөсөн хүмүүст л тохиолддог гэдгийг Стивен Бредбэригийн жишээнээс харж болно. Мөн түүний алтан медалийн болзол хангаж буй мөчийг харуулсан “Сүүлчийн зогсож буй нэгэн” гэх гэрэл зураг нь спортын түүхэнд нэлээд алдартай.
П.Тамир