Хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан Парис болон Тель-Авивын Гранд Слам тэмцээнүүдэд Монгол улсыг төлөөлөн эмэгтэйчүүдийн -48 кг жинд амжилттай барилдаж мөнгө хүрэл медалийг тус бүр хүртсэн Б.Баасанхүүг Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо (IJF) өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан онцолжээ. Тэдний нийтлэлийг орчуулан хүргэхэд ойролцоогоор арван жилийн өмнө анхны Улаанбаатар Гранд При тэмцээн өндөрлөсний дараа IJF-ийн хүндэт зочид Хөвсгөл аймгийг зорьж монголын тал нутгийн дунд байрлах нэгэн жүдо бөхийн клубт зочлох үед тэнд бэлтгэл хийж байсан арав гаран насны хүүхдүүдийн дунд одоогийн дэлхийн дэвжээнд хоёр ч удаа өндөр амжилт гаргаад буй Б.Баасанхүү байсан гэнэ.
Б.Баасанхүү: “Би Мөрөн хотод найзуудынхаа хамт цагийг их өнгөрүүлдэг байсан ба нэг өдөр бид жүдо бөхөөр хичээллэж үзэхээр шийдсэн. Тухайн үед надад жүдо бөхийн тухай ямар нэгэн төсөөлөл байгаагүй. Би зүгээр л найзуудтайгаа хамт цагийг өнгөрүүлэхийн тулд жүдо бөхөөр хичээллэдэг байсан болохоос олон жилийн турш үргэлжлүүлэн хичээллэж мэргэжлийн тамирчин болох тухай төсөөлж байгаагүй.”
Тухайн үеийн Б.Баасанхүүгийн бэлтгэл хийж байсан заал танхимын нөхцөл байдлыг нь мөн IJF-ийн зүгээс онцлон дурдсан. Уг заал нь жүдо бөхийн зориулалтынх биш бөгөөд маш жижиг хэмжээтэйгээс гадна ашиглахад бэрх болсон шар өнгийн матраасыг модон шалан дээр дэвссэн байсан гэнэ. Тухайн үед зүүж буй цагаан бүснийхээ утга учрыг ч сайтар мэдэхгүй байсан түүнийг тухайн нөхцөл байдлаас өнөөдрийн хэмжээнд хүртлээ хөдөлмөрлөсөн нь өөрөө маш том ололт амжилт юм.
Б.Баасанхүү: “Анх жүдо бөхөөр хичээллэж эхлэх үедээ жүдо бөхийн дэвжээ болон өмсгөлийн тухай юу ч мэддэггүй байсан. Тэр үед Даваадорж багш маань бидэнд жүдо бөхөн анхан шатны ур чадваруудыг зааж өгч байсан ба нэг өдөр гадаад хүмүүс онцгой бэлэгтэй бидэн рүү ирж буйг дуулгасан. Би тухайн өдрийг үргэлж тод санадаг. Та бүхэн надад цагаан өнгийн жүдогиг бэлэглэсэн бөгөөд тэрхүү бэлэг намайг энэхүү спортоор үргэлжлүүлэн хичээллэх урам зориг хайрласан. Багахан хугацааны би шинэхэн жүдогигоо өмсөөд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Тэр цагаас хойш жүдо бөх миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон.”
Харин тэрхүү итгэл найдварын гал болсон жүдогиг Б.Баасанхүү нь Мөрөн хотын өөр нэгэн хүүхдэд өвлүүлэн өгсөн бөгөөд ингэснээр хэн нэгэн өөртэй нь адилаар жүдо бөхтэй амьдралаа холбох боломжтой гэж үзсэн гэнэ. Түүний ирээдүйн зорилгыг асуухад “Мэдээж олимп дэлхийн медальтан болох.” хэмээн эргэлзэх зүйлгүй хариулсан тэрээр -48 кг жинд чансаагаараа одоогоор 43-аар байранд (Тель-Авивын Гранд Сламын өмнө) эрэмбэлэгдэж байгаа бөгөөд дөнгөж эхэлж буй олон улсын дэвжээн дэх замналаа амжилттай үргэлжлүүлж зорилгодоо хүрэхийг хүсжээ.
Сэтгэгдэл (2)