Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан амжилттай зохиогдож Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр найм давж түрүүллээ. Өнөө цагийн шилдэг шилдэг аймгийн цолтой бөхчүүдийн нэг болох түүний хувьд 2021 оны арван нэгдүгээр сарын 13-нд бүх цэргийн наадамд барилдсанаас хойш ямар нэгэн барилдаанд зодоглоогүй байсан. Ийнхүү сар шинийн барилдааныг өнжсөн тэрээр өнөөдөр бөхийн өргөөндөө эргэн ирж зогсоогдошгүй байсаар түрүүлж байна.
Харин энэхүү барилдааны шөвгийн дөрөвт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат цэргийн арслан Л.Отгонбаатар болон Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул аймгийн арслан Д.Батбаатар нар үлдэж Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн хурц арслан Б.Лхагвадорж долоо даван үзүүрлэлээ.
П.Тамир