“Бээжин 2022” өвлийн олимпын сүүлийн өдөр эрэгтэй хоккейн финалын тоглолт болж өндөрлөлөө. Уг тоглолтод өмнөх олимпын аваргууд болох ОХУ-ын шигшээ баг дэлхийн гурван удаагийн аварга Финландын шигшээ багийн эсрэг тулсан. Тоглолтын эхний үеийн долоо дахь минутад ЦСКА Москва клубын тоглогч Михаил Григоренко тооны харьцааг нээснээр ОХУ-ын шигшээ баг тэргүүлэлийг авсан. Гэвч тоглолтын хоёрдугаар үед Финландын шигшээ багаас Вилле Покка гоол оруулан тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн бол гуравдугаар үеийн эхлэлд Ханнес Бжорнинен гоол оруулснаар тооны харьцааг 2:1 болгосон.
Финалын тоглолтод Финландын шигшээ баг илүү ихээр довтолж 31 удаа хаалга руу чиглэсэн цохилтыг хийсэн бол ОХУ-ын шигшээ баг 17 удаа хаалга руу цохисон. Тоглолт 2:1 харьцаатай өндөрлөснөөр 1988 болон 2006 онуудын олимпын мөнгөн медальт Финландчууд олимпын анхны алтан медалиа хүртсэн бол ОХУ-ын шигшээ баг олимпын түүхэн дэх хоёр дахь мөнгөн медалиа авч байна. Тэд өмнө нь 1998 онд олимпоос мөнгөн медаль хүртэж байсан удаатай.
П.Тамир
Сэтгэгдэл (2)