“Бээжин 2022” өвлийн олимпын эрэгтэй хоккейн хүрэл медалийн төлөөх тоглолт өчигдөр явагдаж өндөрлөсөн. Уг тоглолтод Швед болон Словакын шигшээ багууд хоорондоо тулсан бөгөөд Словакын шигшээ баг 4:0 харьцаатайгаар ялалт байгуулж олимпын хүрэл медалийн эздээр тодорсон. Уг медаль нь 1993 онд тусгаар тогтносон Словак улсын хоккейн төрөлд хүртэж буй анхны медаль нь юм.
Тэгвэл энэ удаагийн олимпын турш хоккейн төрөлд онцгойрсон нэгэн тоглогч бол Словакын шигшээ багийн довтлогч Юрай Слафковский билээ. Түүний хувьд энэ жил 18 нас хүрэх бөгөөд одоогоор Финланд улсын лигт ТПС багийн төлөө хүчин зүтгэдэг. Бээжингийн олимп нь түүний оролцож буй хоёр дахь олон улсын том тэмцээн ба өмнө жил туршлага суухын тулд насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Словакын шигшээ багийн хамтаар минутын хязгаарлалттай тоглосон. Харин энэ удаагийн олимпд шигшээ багийнхаа лидерийн хувиар багаа удирдаж довтолгооны хувьд асуудалтай багийнхаа сул орон зайг нөхөж тоглосоор ийнхүү олимпын хүрэл медальтан болоод байна.
Словакын шигшээ баг нь олимпын хэсгийн шатны тоглолтдоо Финланд болон Шведийн шигшээ багуудын эсрэг ялагдал хүлээгээд байсан бөгөөд медаль хүртэх орнуудын дунд нэрлэгдэж байгаагүй сул бүрэлдэхүүнтэй баг байсан. Гэвч хэсгийн шатны сүүлийн тоглолтондоо Латвийн шигшээ багийг 5:2, шөвгийн наймд шалгарахын төлөөх тоглолтод өмнөх олимпын мөнгөн медальт Германчуудыг 4:0, шөвгийн наймын тоглолтод АНУ-н шигшээ багийг торгуулийн цохилтоор тус тус буулган авсан. Харин хагас шигшээ шатанд нэг хэсэгт хуваарилагдан тоглосон Финландын шигшээ багтай дахин тоглосон ч мөн л хожигдол хүлээсэн. Юрай Слафковский нь Финландын лигт тоглодог тул өрсөлдөгчдийнхөө тухай ихийг мэдэх хэдий ч хүчирхэг багийн эсрэг хүчин мөхөсдсөн.
Хүрэл медалийн тоглолтын эхний үе 0:0 харьцаатай өндөрлөсөн бөгөөд Словакчууд Шведийн нягт хамгаалалтыг нэвтэлж чадахгүй байв. Гэвч тоглолтын хоёрдугаар үед Юрай Слафковский Шведийн багийн хамгаалалтыг өөрийн ур чадвараараа эвдэж эхний гоолыг оруулсан ба тооны харьцааг 3:0 болгосон гоолыг мөн өөрийн нэр дээрээ бичүүлсэн.
Дөнгөж 17 настай хэдий ч 193 см өндөртэй, ур чадвар, сэтгэл зүй, манлайлах чадвар гэх мэт олон талаараа аль хэдийнээ мэргэжлийн өндөр түвшний тамирчин болсон Юрай Слафковскийгийн хувьд энэ зун дэлхийн хамгийн том хоккейн лиг болох NHL-ийн драфтад нэрээ өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Хэрэв тэрээр драфтад нэрээ өгвөл эхний 10 сонголтоор сонгогдох нь тодорхой бөгөөд түүнийг сонгосон баг залуу тоглогчийг сайжруулахын тулд их хэмжээний цаг зарцуулах ямар ч шаардлагагүй.
П.Тамир