Хоёрдугаар сарын 4-нд нээлтээ хийсэн “Бээжин 2022” өвлийн XXIV дэх удаагийн олимпын наадам өндөрлөх шат руугаа ороод байна. Тэгвэл өчигдөр эрэгтэй хоккейн шөвгийн дөрвийн тоглолтууд өндөрлөж финалын шатанд өрсөлдөх багууд тодорхой боллоо. Эхний тоглолтод Финланд болон Словакын шигшээ багууд учраа таарч тоглолт Финландын шигшээ багийн давамгайлал дор үргэлжилсээр 2:0 харьцаатайгаар өндөрлөж Финландчууд алтан медалийн төлөө өрсөлдөх эрхийг авсан. Харин нөгөө талд өмнөх олимпын аварга ОХУ-ын шигшээ баг Шведийн хүчтэй багийн эсрэг тулсан бөгөөд үндсэн цаг 1:1 харьцаатайгаар өндөрлөж торгуулийн цохилтоор ОХУ-ын шигшээ баг ялалт байгуулсан.
Энэхүү шатанд ялагдал хүлээсэн Швед болон Словакын шигшээ багууд өнөөдөр 21:10-аас хүрэл медалийн төлөө тоглох бол маргааш буюу олимпын сүүлийн өдөр 12:10-аас ОХУ болон Финландын шигшээ багууд аваргын алтан медалийн төлөөх хамгийн чухал тоглолтоо хийнэ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Канадын шигшээ баг түрүүлж, АНУ болон Финландын шигшээ багууд мөнгө хүрэл медалийг тус тус хүртсэн.
П.Тамир
Сэтгэгдэл (2)