“Бээжин 2022” XXIV дэх удаагийн өвлийн олимпд оролцож буй тамирчдаас дахин нэг нь допингийн шинжилгээнд бүдэрлээ. Өмнө нь Иран улсын Альпын цанын тамирчин Хусейн Саве-Шемшаки болон Украины цанын тамирчин Валентина Каминская нарын тамирчдын шинжилгээнээс хориотой төрлийн бодис илэрч энэ удаагийн олимпоос түдгэлзээд байгаа билээ. Мөн ОХУ-н уран гулгалтын тамирчин Камила Валиевагаас допинг илэрсэн ч түүнд тэмцээнээ үргэлжлүүлэх боломжийг олгосон.
Тэгвэл энэ удаад бобслейн эмэгтэйчүүдийн монобоб төрөлд өрсөлдсөн Украин улсын тамирчин Лидия Гунькогийн шинжилгээнээс анаболик стериод гэх хориотой бодис илэрчээ. Уг бодис нь эрчүүдийн дааврыг дэмждэг бөгөөд эмэгтэй тамирчдад хүч чадлыг нэмэгдүүлдэг. Лидия Гунько нь хоёрдугаар сарын 14-нд өөрийн үндсэн төрөлдөө өрсөлдөж 20 тамирчнаас хамгийн сүүлийн байранд орсон. Тэрээр энэ жил 28 настай бөгөөд анх эмэгтэйчүүдийн хүчний спортоор хичээллэдэг байсан. Түүнээс илэрсэн допингийн төрөл нь энэхүү спортын тамирчид ихээр хэрэглэдэг бодис юм. Улмаар 2016 онд “Үхлийн өргөлт” буюу хүнд жинтэй зүйлсийг өргөдөг спортын дэлхийн аварга болсон ба боблсейн спортоор 2018 оноос хичээллэж эхэлсэн. Ийнхүү Украин улсын хоёр тамирчдаас хориотой бодис илэрч олимпыг үргэлжлүүлэх боломжгүй болж байна.
П.Тамир