“Бээжин 2022” өвлийн XXIV дэх удаагийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл дөнгөж сая өндөрлөж, медалийн эзэд тодорлоо. Уг төрлийн ялагчид богино үзүүлбэр болон чөлөөт гулгалтын үзүүлбэрүүдийг үзүүлсний дараа шүүгчдийн өгсөн оноонуудын нийлбэр дүнгээр тодордог. Хоёр хоногийн өмнө болсон богино үзүүлбэрийн төрөлд ОХУ-ын 15 настай тамирчин Камила Валиева 82.16 оноотойгоор бүх тамирчдыг тэргүүлж байсан. Гэвч тэмцээний хоёр дахь өдөр нөхцөл байдал эсрэгээрээ эргэж түүний хувьд чөлөөт гулгалтын төрөлд алдаа гаргаснаар 141.93 авч дөрөвдүгээр байр руу ухарсан.
Олимп эхлэхийн өмнө аналитикууд Камила Валиеваг медаль, тэр тусмаа алтан медаль хүртэх тамирчны тоонд зүй ёсоор оруулж байсан. Энэ хүлээлтийг оргүй биш гэдгийг бататган багийн уран гулгалтын төрөлд Камила Валиева гайхалтай үзүүлбэрийг үзүүлсэн. Харамсалтай нь яг энэ үетэй зэрэгцэн түүнийг сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн тухай дуулиан дэгдсэн нь 15 настай охинд тун хүндээр туссан. Бэлтгэлийн үед ч энэ бүхэн түүнд хэрхэн нөлөөлсөн нь, түүнийг давах гээд хэрхэн тэмцэж байгаа нь харагдаж байлаа. Өнөөдөр өндөрлөсөн чөлөөт үзүүлбэрийн дараа харамсалтай нь уран гулгалт сонирхдог хэн бүхний анхаарлын төвд байсан орос охин медалийн тавцанд зогсох хувь дутлаа. Ингэснээр Камила Валиева ганцаарчилсан төрлийг медальгүйгээр өндөрлүүлж байгаа бөгөөд энэ нь түүний анхны бөгөөд сүүлчийн олимп байх магадлалтай. Учир нь, дараагийн олимпоор Камила Валиева 19 настай байх хэдий ч ОХУ-ын эмэгтэй уран гулгагчдын хувьд энэ нь бараг л “хөгшин” гэсэн үг юм. ОХУ-ын эмэгтэй уран гулгагчдын дотоодын өрсөлдөөн маш ширүүн тул олимпын наадамд ихэвчлэн 15-18 насны охид оролцдог. Энэ жилийн хувьд ОХУ-ыг төлөөлөн өрсөлдсөн тамирчид 15, 17, 17 настай байсан билээ. Ганцхан жишээ дурдахад, 2018 оны олимпын аварга Алина Загитова өдгөө 19 настай хэдий ч ОХУ-ын шилдэг гурван тамирчдын дунд ч багтахгүй байна. Энэ нь Камила Валиевагийн дараагийн олимпод оролцохгүй байж магадгүй гэсэн таамаглалын нэг шалтгаан. Хоёрдугаарт, сэргээшийн асуудалд холбогдсон нь өөрийнх нь сэтгэл зүйд маш хүндээр тусч байгаа нь өнөөдрийн үзүүлбэрээс нь тод харагдана. Төгс гүйцэтгэдэг үзүүлбэртээ нэлээд хэдэн том алдаа гаргасан нь сэргээшийн дуулиан дөнгөж 15 настай ямар их дарамт болж байгаа нь харагдсан. Энэ дарамт, шүүмжлэлүүдийг даван туулж мэргэжлийн төвшинд дахин хүчтэй өрсөлдөгч болж чадах эсэх нь мөн л тааварлашгүй. Багш, дасгалжуулагч, сэтгэл зүйч эмч, багийнхан нь, бас өөрөө хэр зэрэг тэсвэр хатуужилтай байхаас энэ бүхэн шалтгаална. Энэ хоёр шалтгааны улмаас 2026 оны олимпод 19 настай Камила Валиева оролцохгүй байх магадлал өндөр байгаа билээ.
П.Тамир
Сэтгэгдэл (1)