Алина Загитова (ОХУ)
Алина Загитова нь 2002 оны тавдугаар сарын 18-нд ОХУ-ын Ижевск хотод мэндэлсэн. Анх дөрвөн насандаа тэшүүрээр гулгаж эхэлсэн Татар гаралтай түүний хувьд 2018 оны Пёнчанын олимпд уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 15 насандаа түрүүлсэн. Загитова нь олимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Европын аварга шалгаруулах тэмцээн, уран гулгалтын Гранд При тэмцээний финал, залуучуудын дэлхийн аварга гэх тэмцээнүүдэд бүгдэд нь түрүүлсэн цор ганц оросын эмэгтэй тамирчин. Мөн тэрээр олимпын наадамд уран гулгалтын төрлөөр түрүүлсэн анхны муслим шашинтай тамирчин болсон. 2016-17 оны улиралд тэрээр 200 оноо авснаар уг оноонд хүрсэн анхны өсвөрийн тамирчнаар нэрлэгдсэн. Алина Загитова нь хуучин онооны систем дээр нэг удаа шинэ онооны системдээр дөрвөн удаа дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон. Одоогийн байдлаар тэрээр дэлхийн чансаанд 36-р байранд жагсаж байгаа бөгөөд сэтгүүлчийн чиглэлээр их сургуульд суралцаж байна.
Аделина Сотникова (ОХУ)
Аделина Сотнкова нь 1996 оны долдугаар сарын 1-нд ОХУ-ын нийслэл Москва хотод мэндэлсэн. Мөн л дөрвөн наснаасаа эхлэн тэшүүрээр гулгаж эхэлсэн тэрээр долоон нас хүртлээ Анна Патрикеевагийн удирдлага дор бэлтгэгдэж алдарт ЦСКА клуб руу шилжсэн. 2009 онд анхны өсвөрийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн тэрээр 12 насандаа ОХУ-н үндэсний аварга болсон. Насанд хүрэгчдийн дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээнүүдэд түрүүлж үзээгүй тэрээр 2014 оны Сочигийн олимпд 17 насандаа оролцож 224.59 оноог шүүгчдээс авснаар тухайн үедээ хамгийн залуу олимпын аварга болсон. Улмаар дасгалжуулагч болохын тулс их сургуульд спортын чиглэлээр суралцсан тэрээр гэмтэл бэртлээс шалтгаалж 2015 оноос хойш уралдаан тэмцээнүүдэд оролцоогүй бөгөөд 2020 онд зодог тайлж буйгаа албан ёсоор зарласан. Мөн хувийнхаа “Studio Be Happy” гоо сайхны салоныг Москва хотод ажиллуулдаг.
Ким Юна (Өмнөд Солонгос)
Ким Юна нь 1990 оны есдүгээр сарын 5-нд Өмнөд Солонгосын Пүчонь хотод мэндэлсэн. Түүний хувьд зургаан насандаа анх тэшүүрээр гулгаж эхэлсэн ба тухайн үеийн багш нар нь Ким Юнагийн биеийн хэлбэр болон булчин нь уран гулгагч болоход төгс тохирно гэж үзсэн тул түүний ээжийг удаан хугацаанд ятгасны эцэст уран гулгалтын спортоор эрчимтэй хичээллүүлэх болсон. Тэрээр 2002 оноос эхлэн мэргэжлийн түвшинд тэмцээн уралдаанд оролцох болж 2003 онд 12 насандаа Өмнөд Солонгосын улсын аварга болсон. Хуучин ISU онооны системийг ашигладаг байх үед Ким Юна нь оролцсон тэмцээн бүрдээ шагналын тавцанд зогссон. Мөн богино үзүүлбэр, чөлөөт гулгалтуудын дэлхийн дээд амжилтыг нэгэн цагт эзэмшиж явсан. 2008-10 оны хооронд дэлхийн чансааг тэргүүлсэн тэрээр 2009 болон 2013 онуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд болон 2010 оны Ванкуверын олимпуудад тус тус түрүүлсэн. 19 насандаа олимпын аварга болсон хэдий ч ясны тамирчин гэдгээ баталж 2014 оны Сочигийн олимпд 24 настайдаа оролцож мөнгөн медаль хүртсэн. Уг олимпын дараа зодог тайлсан хэдий ч 2018 оны Пёнчанын олимпын нээлтийн үйл ажиллагааны үеэр олимпын бамбарыг асаасан.
П.Тамир