Израиль улсын Тель-Авив хотод өнөөдөр жүдо бөхийн ээлжит Гранд Слам тэмцээн эхэлж байна. Энэхүү тэмцээний хэсгийн шатны барилдаанууд 17:00, медалийн төлөөх барилдаанууд 23:00 цагуудаас тус тус эхэлнэ. Тэгвэл манай улсыг төлөөлөн оролцож буй 14 тамирчдын эхний шатны оноолтуудыг танилцуулж байна.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдах Э.Сумъяабазар А хэсгийн доод хэсгийг тэргүүлсэн бөгөөд Украины Дилшот Халматов болон Израилийн Яам Волчак нарын ялсантай барилдана. Харин Б.Цогт-Очир C хэсэгт эхний тойрогтоо Италийн Ди Анжело Биагиотой тулна. Харин -66кг жинд Мастерсын аварга Г.Хэрлэн B хэсгийг толгойлсон ба Узбекистаны Бобур Ваджиев болон Израилийн Яарин Менагед нарын ялсныг хоёрдугаар тойрогт хүлээж байна. Уг жингийн C хэсэгт энэ оны улсын аварга Г.Сод-Эрдэнэ орсон бөгөөд эхний тойрогтоо Германы Леннарт Сламбергертэй барилдаж ялалт байгуулбал шөвгийн дөрөвт шалгарахын тулд Мастерсын хошой мөнгөн медальт Израилийн Барух Шмайловтой барилдана.
-73кг жинд МУГТ Г.Одбаяр B хэсэгт Францын Лука Отманетэй эхний тойрогтоо тулах бөгөөд өрсөлдөгчөө ялбал Израилын Тохар Бутбултай шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана. Харин Л.Анхзаяагийн хувьд D хэсгийн доод хэсэгт эхний тойрогтоо Михаил Грецоутласвилигийн эсрэг хүч үзнэ. -81кг жинд Б.Эрдэнэбаяр D хэсэгт хуваарилагдаж эхний тойрогтоо Гүржийн Леван Гугаватай барилдах бөгөөд өрсөлдөгчөө буулган авбал дэлхийн аварга Израилийн Саги Мукитай таарах магадлал өндөр байна.
Харин -90кг жинд Г.Пунцагцэрэн C хэсэгт -81кг-аас жин өгсөж буй Казахстаны Дидар Хамзатай барилдах ба ялалт байгуулбал мөн л Израилын бөх Кочман Литэй барилдана. -100кг жинд манай улсаас хоёр тамирчин оролцох бөгөөд Б.Гончигсүрэн Францын Седрик Оливартай, О.Хангал Азербайжаны Зельм Коцоиевтэй тус тус хүч үзнэ.
Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +100кг ангилалд та бүхний энэ жилийн цагаан сарын баярт зориулсан хүчит бөхийн барилдааны түрүү бөх болох Э.Мөнхжаргал барилдах бөгөөд манай улсын тамирчид дундаас хамгийн чанга сугалааг сугалаад байна. Тэрээр шөвгийн наймт үлдэхийн төлөөх барилдаанаа Нидерландын дэлхийн аваргын хошой хүрэл медальт Рой Мейертэй учраа таарсан бөгөөд ялалт байгуулбал дэлхийн аварга Гүржийн Гурам Тушишвили болон дэлхийн аваргын хүрэл медальт Узбекистаны Бекмурод Олтибоев нарын ялсантай нүүр тулна.
Эмэгтэй тамирчдын хувьд Францын Гранд Сламаас хэдхэн хоногийн өмнө мөнгөн медаль хүртсэн Б.Баасанхүү -48кг жингийн B хэсгийн эхний тойрогтоо залуучуудын дэлхийн аварга Италийн Ассунта Скуттотой таарсан бол -57кг жинд О.Оюунчимэг Казахстаны Севара Нишинбаеватай хүч үзнэ. Харин хамгийн хүнд жин болох +78кг ангилалд А.Адъяасүрэн Францын Жулиа Толофуагийн эсрэг тулахаар болсон.
П.Тамир
Сэтгэгдэл (3)