"Бээжин 2022" XXIV дэх удаагийн өвлийн олимпын хүрээнд өчигдөр биатлоны эрэгтэйчүүдийн 4x7.5 км-ын багийн буухиа уралдаан болж өндөрлөсөн. Уг төрөлд нийт 21 улсын баг тамирчид өрсөлдсөн бөгөөд Чех, Бельги, Словакын багууд уралдаанаа өндөрлүүлж чадаагүй. Нэг баг дөрвөн гишүүдээс бүрддэг бөгөөд гишүүн бүр 7.5 км зайг туулж багийн нийлбэр дүнгээр уралдааны ялагчид тодордог.
Энэхүү төрөлд Норвегийн баг тамирчид 1:19:50.2 гэх цагийн амжилттайгаар тэргүүлсэн бол Франц болон ОХУ-ын багууд удаалж мөнгө хүрэл медалийн эзэд болсон. Гэхдээ ОХУ-ын баг эхний гурван тамирчин нь (Саид Каримулла Халили, Александр Логинов, Максим Цветков) замаа дуусгасны дараа уралдааныг тасархай тэргүүлж байсан ч буухиаг өндөрлүүлж барианд орсон тамирчин Эдуард Латипов босоо буудлагын хэсэгт таван сум алдаж торгуулийн тойрог дээр их цаг алдсанаар гуравдугаар байр хүртэл ухарсан. Энэхүү явдлын дараа түүн рүү чиглэсэн их хэмжээний дайралт болон доромжлолууд цахим орчинд тархаад байна.
Эдуард Латипов нь 1994 оны гуравдугаар сарын 21-нд Беларус улсын Гродно хотод мэндэлсэн бөгөөд 2018 оноос хойш биатлоны дэлхийн цомд идэвхтэй оролцож байгаа. ОХУ-ын ЦСКА клубт харьяалагддаг тэрбээр энэ удаагийн олимпод холимог буухиа, 4x7.5 км буухиа, 12.5 км-ын хөөх уралдаан гэх гурван төрөлд амжилттай оролцож, гурван хүрэл медалийн эзэн болоод байгаа. Мөн түүний хувьд хоёрдугаар сарын 18-нд эрэгтэйчүүдийн 15 км-ын бөөн гараанд гарч уралдана.
П.Тамир