Бээжин 2022 өвлийн олимпын сноубордын хамгийн сүүлийн тэмцээн болох эрэгтэйчүүдийн “Big Air”-н төрөл дөнгөж сая өндөрлөж медалийн эзэд тодорлоо. Финалын шатанд 12 тамирчин өрсөлдсөнөөс 17 настай Хятад тамирчин Су Имин 182.5 оноотойгоор түрүүлсэн. Түүний хувьд “Slopestyle”-н төрөлд мөнгөн медаль авсан болов ч шүүгчид түүний оноог дутуу өгсөн хэмээн БНХАУ-н иргэд шүүмжлэн түүнийг алтан медаль хүртэх эрхтэй гэцгээж байсан. Мөн Су Имин нь 1980 градусын эргэлтийг гүйцэтгэсэн анхны сноубордчин бөгөөд олимпоос сноубордын төрлөөр медаль хүртсэн хоёр дахь Хятад тамирчин юм.
Харин хоёрдугаар байранд Норвегийн тамирчин Монс Ройсланд 171.75 оноотойгоор орсон бол гуравдугаар байранд Канадын тамирчин Макс Парро 170.25 оноотойгоор шалгарсан. Ийнхүү арван өдрийн турш үргэлжилсэн сноубордын төрөл өндөрлөж нийт 11 багц медалийн эзэд тодорлоо. Үүнээс АНУ болон Австрийн тамирчид тус тус гурван алтан медалийн эзэд болсон бол Япон, Шинэ Зеланд, БНХАУ, Канад, Чех гэх орнууд нэг алтан медалиудыг хүртсэн.
П.Тамир