Бээжин 2022 өвлийн олимпын наадмын өнөөдөр зохиогдох тэмцээнүүдээс хамгийн эхэнд сноубордын эмэгтэйчүүдийн “Big Air” төрөл амжилттай өндөрлөж медалийн эзэд тодорлоо. Уг төрлийн финалын шатанд нийт 12 тамирчин өрсөлдсөн бөгөөд 2018 оны Пёнчанын олимпд энэхүү төрөлд аваргалж байсан Австри улсын тамирчин Анна Гассер сүүлийн хоёр үзүүлбэрээсээ 185.5 оноог шүүгчдээс авч түрүүллээ. Тэрээр сноубордын спортоор хичээллэхээсээ өмнө Австрийн уран гимнастикийн шигшээ багийн тамирчин байсан. Энэхүү давуу тал нь түүний өндөр амжилт үзүүлэхэд нэлээд тус олдог бөгөөд тэрээр сэтгэл зүй өндөртэй өөрийн оюун бодлоо маш сайн удирддаг тамирчин юм.
Харин түүний араас олимпын эхэнд Шинэ Зеланд улсын түүхэн дэх өвлийн олимпын анхны алтан медалийг “Slopestyle” төрөлд хүртээд байсан Зои Садовски-Синнотт болон Япон улсын 17 настай залуу тамирчин Кокомо Мурасе нар 177, 171.5 оноотойгоор удаалж олмпын наадмын мөнгө болон хүрэл медалийг тус тус хүртсэн. Энэ удаагийн өвлийн олимпын сноубордын төрөл өнөөдөр эрэгтэйчүүдийн “Big Air” төрлөөр өндөрлөнө.
П.Тамир