Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүд өмнө сард эхэлж одоогоор Португалийн Гранд При болон Парисын Гранд Слам тэмцээнүүд амжилттай зохиогдож өндөрлөөд байна. Тэгвэл хоёрдугаар сарын 17-нд Израиль улсад ээлжит нэгэн тэмцээн болох Тел Авивын Гранд Слам эхлэхэд бэлэн болоод байна. Одоогийн байдлаар 34 орны 309 жүдочид мэдүүлэгт нэрсээ өгөөд байгаа бөгөөд манай улсыг төлөөлөн МУГТ Г.Одбаяр, ОУХМ Г.Хэрлэн тэргүүтэй 14 бөх оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Тэгвэл сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд найм даван түрүүлсэн аймгийн заан Э.Мөнхжаргал шигшээ багийн хамт олныхоо хамтаар мэдүүлгээ өгжээ. Түүний хувьд энэ онд Өмнөгөвь аймагт зохиогдсон жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд +100кг жинд түрүүлсэн. Өмнө нь жүдо бөхийн төрлөөр -90кг жинд барилддаг байсан түүний хувьд 2019 оны Хөххотын Гранд Прид шагналт долдугаар байранд орсноосоо хойш тив дэлхийн ямар нэгэн тэмцээнд барилдаагүй.
Түүний барилдах жинд нийт 17 бөх бүртгүүлээд байгаа бөгөөд Э.Мөнхжаргал нь уг жинд анх удаа барилдаж буй тул аль нэг хэсэг толгойлолгүй санаандгүй байдлаар хэсэгт хуваарилагдана. Энэхүү жинд Гүржийн Гурам Тушишвили (дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт), Бразилын Рафаэл Силва (олимпын хошой хүрэл, дэлхийн аваргын мөнгө хошой хүрэл медальт), Нидерландын Рой Мейер (дэлхийн аваргын хошой хүрэл медальт) гэх зэрэг шилдэг тамирчид өрсөлдөнө. Харин Парисын Гранд Сламд уг жинд түрүүлсэн О.Цэцэнцэнгэлийн хувьд Тел Авивын Гранд Сламыг өнжиж байна.
П.Тамир