"Бээжин 2022" өвлийн олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн үзүүлбэр маргааш эхэлнэ. Энэ төрөлд Оросын олимпын хорооны тамирчин, 15 настай Камила Валиева оролцох эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байв. Учир нь арванхоёрдугаар сард түүнээс авсан шинжилгээнээс сэргээш илэрснийг уран гулгалтын багийн төрлийн дараа зарласан нь "Бээжин 2022"-ын том дуулиан болоод байв.
Харин Спортын арбитрын шүүхээс (CAS) түүний асуудлыг хэлэлцэн дөнгөж сая шийдвэр гаргаад байна. Тэд Камила Валиевагийн талд шийдвэр гаргасан бөгөөд түүнийг маргааш болох уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцуулахаар болсон байна. Камила Валиевагийн хувьд олимпын үеэр авсан бүх шинжилгээ нь цэвэр гарсан нь болон насанд хүрээгүй гэдэг нь ийм шийдвэр гарахад нөлөөлсөн бололтой.
Насанд хүрээгүй уран гулгагч ийм асуудалд холбогдсоны дараа 1984, 1988 оны эмэгтэйчүүдийн уран гулгалтын олимпийн аварга Катарина Витт “Уг хэрэгт холбоотой насанд хүрэгчдийг спортоор хичээллэхийг үүрд хориглох ёстой” гэж байр сууриа илэрхийлжээ. Харин АНУ-ын олимпын хороо Спортын арбитрын шүүхийн энэ шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.
П.Тамир
Сэтгэгдэл (4)